
Балбын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан 73 настай Сушила Карки тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг түр хашихаар болжээ.
Балбын Ерөнхийлөгч Рам Чандра Паудел, энэ долоо хоногт Балбад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглааныг удирдсан залуустай зөвшилцөлд хүрсний үр дүнд Сушила Каркиг Балбын засгийн газрын тэргүүнээр томилохыг зөвшөөрчээ. Ингэснээр Сушила Карки Балбын анхны эмэгтэй Ерөнхий сайд болоод байна.
Энэ долоо хоногт тус улсад өрнөсөн авлига, хээл хахууль, тэгш бус байдлын эсрэг залуусын жагсаал цуглааны үеэр цагдаа нар болон жагсагчид хооронд үүссэн мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн амь үрэгдэж, Балбын Ерөнхий сайд албан тушаалаасаа огцорсон юм.
Катманду хотод эмх замбараагүй байдал газар авсантай холбоотойгоор Катманду хотод зэвсэгт хүчнийхэн орж ирж, нөхцөл байдлыг хяналтад авч, тус улсын Ерөнхийлөгч Рам Чандра Паудел жагсагчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж, шаардлагыг нь хүлээн авахаа мэдэгдсэн юм.
Хэлэлцээний үр дүнд өнгөрсөн баасан гарагийн орой Балбын парламент тарж, 2026 оны 3-р сарын 5-нд парламентын сонгууль явагдахаар болжээ.
Сушила Карки ирэх өдрүүдэд түр засгийн газраа бүрдүүлэх аж. Ард иргэдийн дунд нэр хүндтэй Сушила Карки засгийн газрын тэргүүнээр томилогдсон явдалд Балбын залуус баяртай байгаагаа цахим сүлжээнд илэрхийлжээ .
Эх сурвалж: BBC






