
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2025 оны тайланд Хойд Солонгост сүүлийн жилүүдэд цаазын ялаар шийтгүүлсэн иргэдийн тоо огцом нэмэгдсэн болохыг онцолжээ. Цаазын ялыг гадаадын шоу нэвтрүүлэг, уран сайхны болон олон ангит кинонуудыг тарааж эсвэл үзэж байгаад баригдсан иргэдэд хүртэл оноож эхэлсэн байна.
Сүүлийн 10 жилд Хойд Солонгосоос зугтсан 300 гаруй хүнтэй ярилцсаны үндсэн дээр НҮБ-ын мэргэжилтнүүд Пхеньян энэ хугацаанд ард иргэдээ хянах хяналтаа улам чангатгаж, хууль журам зөрчигсдөд цаазын ял шийтгэл оногдуулах нь элбэг болсныг тогтоожээ.
Тус улсад 2015 оноос хойш цаазын ялын шийтгэл оногдуулах тухай багадаа 6 хуулийн төсөл батлагджээ. Жишээ нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ард иргэдийнхээ мэдээ мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах үүднээс гадаадын контент үзсэн болон тараасан хүмүүст цаазын ял оноох хууль санаачилсан ба үүнээс болж цаазаар авхуулсан иргэдийн тоо 2020 оноос хойш огцом нэмэгджээ. Ингэхдээ цаазын ялыг олон нийтийн өмнө гүйцэлдүүлэх болсон байна.
2023 онд Хойд Солонгосоос зугтсан Кан Гюри BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Өмнөд Солонгосын контент үзсэн хэргээр 3 найз нь цаазаар авхуулсан талаар дурдаж байсан билээ. Ингэхдээ найзуудыг нь хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүстэй хамт ялласан тухай ярьсан юм.
НҮБ-ын Хүний Эрхийн хорооны мэргэжилтнүүдтэй ярилцсан Хойд Солонгосын дүрвэгчид эх орондоо байхдаа маш их өлсдөг байсан тухайгаа, өдрийн 3 удаа хооллох нь тансаглалд тооцогдох тухай дурдсан байна. Коронавирусийн цар тахлын үеэр хоол хүнс хомстож, хүмүүс өлсөж үхэж байсан тухай ярьжээ.
Сүүлийн 10 жилд Хойд Солонгосын эрх баригчид ард иргэдийн шийдвэр гаргах, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг улам хязгаарлаж, үүндээ орчин үеийн техник технологийг ашиглаж, хяналтаа улам чангатгажээ.
Үүнээс гадна Хойд Солонгосын эрх баригчид иргэдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх явдал улам нэмэгдэж, ядуу, бага орлоготой айл өрхүүдийн гишүүдээр тэвчишгүй нөхцөлд, биеийн хүчний ажил хийлгүүлж, үүнээс болж тэдгээр иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдлууд ихээр бүртгэгдэх болжээ. НҮБ-д Хойд Солонгосын эрх баригчид өнчин болон орон гэргүй олон мянган хүүхдүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлэх болсон тухай мэдээлэл ч иржээ.
Мөн тус улсын нутаг дэвсгэр дээр улс төрийн хоригдлуудыг хорих хэд хэдэн лагерь үйл ажиллагаа явуулсаар байгаа ба тэдгээр хорих лагериудад хоригдлуудыг эрүүдэн шүүж, тэдэнтэй зүй бусаар харьцах явдал байсаар байгааг НҮБ онцолжээ.
НҮБ Хойд Солонгосоос улс төрийн хоригдлуудыг хорих лагериудаа хааж, цаазын ялаас ангижирч, ард иргэддээ хүний эрхийн боловсрол олгохыг шаардаж байгаа ба уг асуудлыг Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлэх хүсэлтэй байгаа аж. Ингэхийн тулд НҮБ уг асуудлыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр авч хэлэлцэх ёстой юм.
Нөгөө талаас 2019 оноос хойш НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг байнгын гишүүн БНХАУ, ОХУ хоёр бусад улс орнуудын санаачилсан Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээнүүдэд удаа дараа хориг тавиад байгаа билээ.
Өнгөрсөн 7 хоногт л гэхэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпины урилгаар Бээжинд болсон Ялалтын парадад оролцсон билээ.
Эх суцрвалж: BBC






