
2025 оны 9-р сарын 8-нд Дубай хотноо эхэлсэн Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) 28-р Конгрессын хоёр дахь өдөр, Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн олон улсын шалгуур, стандартын хэрэгжилтийг баталгаажуулсан “Алтан сертификат”-ыг албан ёсоор гардан авлаа.
Энэхүү нэр хүндтэй гэрчилгээ нь ДШХ-ны 58-р стандарт (Ерөнхий аюулгүй байдал) болон 59-р стандарт (Солилцооны газар, агаарын шуудангийн нэгжийн аюулгүй байдал)-ыг бүрэн хангаж, шуудангийн үйлчилгээг аюулгүй, найдвартайгаар хүргэж буй байгууллагад олгогддог.
Монгол Улсын хувьд Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд байрлах Монгол Шуудан ХК-ийн Олон улсын агаарын шуудан ялган боловсруулах төв нь эдгээр шалгуурыг амжилттай биелүүлснээр Монгол Шуудан дэлхийн шуудангийн сүлжээнд найдвартай түнш гэдгээ дахин нотлон харууллаа.
Энэхүү Монгол Улсад анхдагч болсон терминалыг Монгол Шуудан ХК хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгөөр санхүүжүүлэн, 2024 оны 6-р сараас үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр олон улсын тавцанд ийнхүү амжилтаар үнэлэгдэж байна.
Энэ бол Монгол Шуудангийн хамт олны нөр их хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, тасралтгүй шинэчлэлийн үр дүн юм. Хэрэглэгчиддээ аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлж буйдаа бид бахархаж байна!











