
Сүүлийн хэдэн өдрийн турш эмх замбараагүй байдалд автаад байсан Балбын нийслэл Катманду хотод зэвсэгт хүчнийхэн орж ирж, нөхцөл байдлыг хяналтдаа авчээ.
Төрд бугшсан авлига, хээл хахууль, тэгш бус байдлыг эсэргүүцсэн залуусын жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, Ерөнхий сайд нь огцорч, жагсагчид парламентын ордон, шүүхийн байр, улстөрчдийн орон гэрийг галдан шатааж, тонон дээрэмдэж, нэртэй улстөрчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн биед халдсан явдлууд ар араасаа хөвөрсөн юм.
Эмх замбараагүй байдлын үеэр 30 гаруй хүн амь үрэгдэж, 1000 гаруй хүн шархаджээ
Эсэргүүцлийн жагсаалыг санаачлагч “Жен Зи” залуус болон армийн албан тушаалтнууд залуусын эсэргүүцлийн хөдөлгөөнийг хулгай дээрэм хийх, хүчирхийлэл үйлдэх мөн өөр бусад зүйлсэд өдөөн хатгах зорилготой хүмүүс “дээрэмдсэн” гэж үзэж байгаа аж.
Нийслэл Катманду хотын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа сэргээж, зэвсэгт хүчнийхэн эмх замбараагүй байдал үүсгэсэн, хүчирхийлэл, дээрэм тонуул хийсэн этгээдүүдэд шийтгэл ноогдуулна хэмээн анхааруулсан байна.
Балбын арми жагсагчидтай уулзаж, хэлэлцээ хийхийг уриад байгаа ба үүнтэй холбоотойгоор залуус эрх баригчдад өргөн барих цоо шинэ шаардлагуудаа боловсруулж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар 27 хүнийг хүчирхийлэл үйлдсэн, дээрэм тонуул үйлдсэн хэргээр баривчилж, 30 гаруй галт зэвсгийг хураан авчээ.
Цэргүүд зам дээр автомашинуудыг зогсоон, гэрчилгээг нь шалган явуулж байгаа ба иргэдийг шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг зөвлөжээ.
Балбын Ерөнхий сайд огцорсноор залуус Балбын шинэ засгийн газар нь авлигач улстөрчид болон нэр нөлөөтэй хүмүүсийн төлөө бус ард түмнийхээ ашиг сонирхлын төлөө ажилладаг байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлж байгаа аж.
Балбын дараагийн Ерөнхий сайдаар 35 настай Катманду хотын дарга Балендра Шах тодрох магадлал өндөр байгаа ба 2022 онд Катманду хотын даргаар сонгогдохоосоо өмнө Балендра Шах эх оронд нь авлига, хээл хахууль, тэгш бус байдал ноёрхож буйг уран бүтээлдээ шүүмжилж ирсэн реппер байсан аж.
Эх сурвалж: BBC






