
Өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө ОХУ-ын Украинд үзүүлсэн агаарын цохилтын үеэр Польшийн агаарын бүсэд Оросын байлдааны хэд хэдэн дрон орж ирсэн талаар Польшийн зэвсэгт хүчний зүгээс мэдэгджээ.
Польшийн эрх баригчид үүнийг ард иргэдийнх нь аюулгүй байдалд бодитоор заналхийлсэн, өдөөн хатгасан үйлдэл хэмээн үзжээ.
Польшийн нутаг дэвсгэрт байршиж буй ХБНГУ-ын Patriot пуужин устгах систем Польшийн агаарын бүсэд Оросын дронууд орж ирснийг олж тогтоосон ба дронуудыг устгах ажиллагаанд Польшийн F-16, Нидерландын F-35 сөнөөгч онгоцнууд болон Италийн AWACS тагнуулын онгоцнууд оролцсон байна.
Rzeczpospolita сонинд бичсэнээр Польшийн агаарын бүсэд Оросын 20-23 ширхэг дрон орж ирсэн аж. Үүнээс болж Варшав хотын олон улсын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа түр зогсооход хүрчээ.
НАТО Польшийн нутаг дэвсгэрт Оросын дронууд орж ирснийг санаатайгаар үйлдсэн халдлага гэж үзэхгүй байгаа ч НАТО-гийн гишүүн орны агаарын бүсэд орж ирсэн гадны объектуудыг НАТО-гийн байлдааны онгоцнууд устгасан анхны тохиолдол байсныг онцолжээ.
Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен болсон үйл явдлыг Польш болон Европын холбооны агаарын бүсийг балмадаар зөрчсөн явдал хэмээн буруушаасан бол Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Оросын дронууд Польшийн нутаг дэвсгэрт орж ирсэн нь байж боломгүй явдал хэмээн, түнш орнуудын аюулгүй байдлын асуудал дээр ямар ч буулт хийхгүй гэдгээ мэдэгджээ. Чехийн Ерөнхий сайд Петр Фиала Оросын дронууд Польшийн агаарын бүсэд орж ирсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш гэж үзээ байгаагаа илэрхийлж, В. Путины дэглэм Европын улс орнуудад заналхийлж, системтэйгээр өдөөн хатгасан үйлдлүүд хийдэг болсныг онцолжээ.
Эх сурвалж: The Guardian






