
Өнгөрсөн 5-р сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Улсын их хурлаас батлагдсан билээ.
Тэгвэл өчигдөр буюу 2025 оны 9 сарын 10-аас эхлэн тус хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд зээлийн хар жагсаалт байхгүй болж, үүний оронд зээлжих зэрэглэл, чадварын оноонд шилжиж буй. Иргэд банк санхүүгийн байгууллагаас зээл авахдаа өөрийн зээлжих зэрэглэлийн оноогоор дүгнэгдэж зээл авдаг болно гэсэн үг юм.
Зээлийн хар жагсаалтын түүхгүй зээлжих зэрэглэлийн оноотой Монголчууд
Өөрөөр хэлбэл “Иргэн, аж ахуйн нэгжүүд өмнө нь зээлийн муу түүхтэй болсон тохиолдолд зургаан жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж нь хязгаарлагддаг байсан. Харин иргэдийн зээлжих чадварыг оноогоор дүгнэж эхэлснээр зээлийн муу түүх, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болж, иргэн зээлээ төлж чадахгүйд хүрч оноо нь буурсан ч гэсэн эргээд зээлээ төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, зээлийн оноо нь сайжрах боломжтой болж буй.
Таныг зээлийг судалж байна гэх өгүүлбэр ард хоцорсон
Өөрөөр хэлбэл зээл олгох гэж буй санхүүгийн байгууллага бүр таны зээлийг судалж, таныг зээлээ хугацаанд нь эргүүлэн төлөхүйц хүн үү гэдгийг тогтоож байдаг. Ингэхдээ сэтгэлзүйд суурилах, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр үндэслэж, зарим нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах зэргээр бүгд өөрсдийн аргаар зээлдэгчийг судалдаг байв.
Ийм ч учраас өндөр дүнтэй зээлийг илүү удаан судалж, заавал хурлаар оруулдаг. Харин бага хэмжээтэй хэрэглээний зээлийн эрсдэлийг төдийлөн нарийвчилж судлалгүй богино хугацаанд олгодог байх нь. Аль ч тохиолдолд зээл судална гэдэг тухайн зээл олгогч компани дээр хүний, технологийн гээд төрөл бүрийн зардал гардаг. Энэхүү зардал нь бизнесийн зарчмаар эцсийн бүтээгдэхүүн буюу зээлдэгч бидэнд зээлийн хүүгээр дамжин ирдэг буюу зээлийн хүү өндөр байх нэгэн шалтгаан болно.
Тэгэхээр хэрвээ бид зээл судлах энэхүү үе шатыг хөнгөвчилж, шинэчилж чадвал санхүүгийн байгууллагуудын зардал багасаж, түүнийг дагаад бидний авч буй зээлийн хүү ч гэсэн буурах давуу талтай.
Энэхүү үйлчилгээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр хоёр байгууллага нэвтрүүлж буй бөгөөд өөр хоорондоо ялгаатай оноогоор зээлжих зэрэглэлийн оноог тооцож буй.
Зээлжих зэрэглэлийн Бүрэн оноо
Анхны зээлийн онооны финтек компани болох “Бүрэн скор ЗМС” ХХК зах зээлд иргэний зээлжих зэрэглэлийн оноо “Бүрэн Оноо”-г нэвтрүүлсэн.
Бүрэн Онооны систем дээр жишээ авч тайлбарлавал:
Бүрэн Оноо нь таны орлого, зээлийн түүх, зээлийн төлөлтөө хоцроолгүй төлсөн байдал, төлбөрийн чадварын харьцаа зэрэг олон талын мэдээллийг ашиглан таны санхүүгийн хариуцлагыг 300-999 хүртэлх оноогоор үнэлэх юм. Тодруулбал:
900-999 (Бүрэн): Маш өндөр орлоготой, төгс сахилга баттай зээлдэгч.
770-899 (Онц): Зээлийн туршлага сайн, эргэн төлөлт тогтмол.
630-769 (Дундаж): Орлого тогтмол ч зээлийн туршлагагүй, аль эсвэл зээлийн туршлагатай ч зээлийн эргэн төлөлт зарим үед тогтмол бус.
470-629 (Тааруу): Өрийн хэмжээ орлогоо давсан, зээлийн муу түүхтэй эсвэл туршлагагүй.
300-469 (Муу): Орлого тогтворгүй, зээлийн муу түүхтэй.






Зээлжих зэрэглэлийн Fico Оноо
Сайнскор зээлийн мэдээллийн сан нь 2021 оны 10 дугаар сараас Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг хүргэж байгаа эрх бүхий байгууллага юм.
Тус байгууллага нь зээлийн мэдээллийн лавлагаа, Файко оноо, өр орлогын харьцаа, малчны орлого гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээсийн үйлчилгээ гэх мэт 600 орчим байгууллагад үзүүлж буй.




FICO оноог дараах таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 300-850 оноогоор илэрхийлдэг.
Онцгой сайн: 700-гаас дээш
Маш сайн: 630-699
Сайн: 600-629
Боломжийн: 580-599
Маш муу: 390-579
Түүнчлэн Sainscore таны оноонд хамгийн ихээр нөлөөлж буй дөрвөн хүчил зүйлийг танилцуулдаг учир өөрийн оноогоо хэрхэн ахиулахаа мэдэх бүрэн боломжтой.




Зээлийн оноогоо хэрхэн шалгах вэ?
Зээлжих зэрэглэлийн оноогоо иргэд шалгахдаа “Sainscore”, “Buren Score” аппликейшнүүдийг сонголтоор татах эсвэл E-Mongolia руу нэвтэрч үйлчилгээ хэсгээс “Зээлжих зэрэглэлийн оноо” гэж хайн өөрийн онооны лавлагааг харах боломжтой.
Таны зээлийг судалж буй байгууллага бүрийн эрсдэлийн бодлого, зээлийн шийдвэр гаргалт өөр тул танд санал болгож байгаа зээлийн үйлчилгээ болон хэмжээ зэрэг харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.
Эдгээр мэдээллийг бид Sainscore зээлийн мэдээллийн сангийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Д.Тэмүжин


“Бүрэн Score ЗМС ХХК”-ийн Бизнс хөгжлийн газрын захирал Ү.Ганбаяр


нараас тодрууллаа.







