
Өрөг.мн сайтын ярилцлагийн буланд контент бүтээгч Б.Намуун-Учрал уригдан оролцлоо.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Намуун-Учрал гэдэг. Контент бүтээгч байна.
Хэзээнээс контент бүтээж эхэлсэн бэ?
-Багаасаа дэлгэцийн өмнө байх дуртай хүүхэд байлаа. Ажил мэргэжлийн онцлогоос хамаараад хийж чадахгүй явж байгаад, сэтгэлд байдаг хүслээ дагаад 3 сарын өмнөөс контент хийж эхэлсэн.
Контент хийж эхлээд хүмүүсийн хандлага ямар байсан бэ?
-Сүүлийн 3 сар контент хийж байгаа гэхэд маш олон дэмждэг хүмүүстэй болсон. Ажилсаг, мундаг, хичээнгүй охин шүү гэж магтдаг. Бүгдэд нь л талархдаг даа.
Хэзээнээс эхлэн бөх сонирхон үздэг болсон бэ?
-Бөхийн барилдааныг би багаасаа үзсэн. Яагаад гэвэл аав маань бөх их үздэг байсан. Аавыг маань идэр залуу байхад хань болж бөхийн барилдаан хамт үздэг хүн надаас өөр байгаагүй байсан болохоор багаасаа бөх үздэг болсон. Ааваасаа хойш бөхийн барилдаан шимтэж үзэх болсон.
“Гүндүүгүй яриа” шиг нэвтрүүлэг хийж байсан бол гоё байх даа гэсэн цагаахан атаархал байдаг байсан.
Энэ жилийн наадмаар ганцаараа “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д бөх үзээд гарч явахдаа текстээ бэлдээд маргааш нь Улсын арслан Э.Батмагнайн тухай анхны бөхийн бичлэгээ хийж байсан.
Та аль бөхийг дэмждэг вэ?
-Аав маань Архангай аймгийн Булган сумын харьяат хүн болохоор “Бөхбилэгт” дэвжээний бөхчүүдээ дэмждэг.
Үнэн сэтгэлээсээ дэмждэг бөх бол Улсын аварга П.Бүрэнтөгсийг дэмждэг.
Бөхийн өргөөнд эмэгтэйчүүд бөхийн барилдаан их үздэг болсон. Таны хувьд…?
-Бөхийн өргөөнд хэд хэдэн удаа ганцаараа очиж үзсэн шүү. Хүнтэй хамт очиж үзье гэхээр найзууд дунд минь бөх үздэг хүн байдаггүй.
Аав надаас цуг явж бөх үзье гэхээр би ичээд санаа зовдог байсан. Харин ааваасаа хойш Бөхийн өргөө орж бөх үздэг болсон.
Хүн дуртай зүйлээ хийж явахад хэн юу гэж хэлэхэд ямар хамаатай юм гэж бодох болсон. Цаашид дагагчид, үзэгчид маань дэмжих юм бол бөхийн контентоо үргэлжлүүлээд цаашлаад нэвтрүүлэгтэй болохыг хүсэж байгаа.
Урилгыг маань хүлээн авч ирж ярилцсан танд баярлалаа.







