
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Дэлхийн Удирдагчдын Форумд илтгэгчээр оролцлоо
2025 оны 9-р сарын 8-нд Дубай хотноо эхэлсэн Дэлхийн Шуудангийн Холбооны (UPU) 28-р Конгресс нь дэлхийн 192 орны 2,000 гаруй төлөөлөгчийг нэг дор цуглуулж, шуудангийн салбарын ирээдүйн хөгжлийг хэлэлцэж байна.
Эхний өдрийн Global Leaders Forum буюу Дэлхийн Удирдагчдын Форумд Монгол Улсыг төлөөлөн Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн илтгэгчээр оролцлоо.

Тэрбээр “Shaping tomorrow’s priorities” буюу “Маргаашийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох нь” сэдэвтэй хэлэлцүүлэгт:
- Бразилийн Харилцаа холбооны дэд сайд Соня Мендес
- АНУ-ын Шуудангийн Зохицуулах Хорооны комиссар Томас Дэй
- Олон улсын Шуудангийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Холгер Винклбауэр нартай хамт оролцож, далайд гарцгүй, хөгжиж буй улсын хувьд шуудангийн сүлжээ нь цахим худалдаа, харилцаа холбооны хүртээмжийг дэмжих чухал дэд бүтэц болохыг онцлон тэмдэглэлээ.


Мөн энэ өдөр танилцуулсан State of the Postal Sector 2025 буюу Шуудангийн Салбарын 2025 оны нөхцөл байдлын тайланд Монгол Улсын үзүүлэлт сайжирч, шуудангийн хөгжлийн нэгдсэн индекс 2023 онд 5 байсан бол 2024 онд 6 болж ахисан нь Г.Тэлмэн тэргүүтэй шинэ менежментийн багийн шаргуу хөдөлмөрийн үр дүн юм.
Цаашид бид 8, 9, 10 онооны төлөө зүтгэж, дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд багтахын төлөө чармайн ажиллах болно.






