
Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, чамгүй шуугиан тариад буй бүтээл бол Rhyme. Нийт жүжигчдийнх нь 90 хувь артистууд буюу мэргэжлийн бус жүжигчид. Гэхдээ тэд мэргэжлийн бус байсангүй. Rhyme хүлээлтээс давав. Desant, Ebo, 113, LIMIT KING, Babar нар дүр дээрээ сайн ажиллажээ. Мөн энд тэмдэглэн хэлэх ёстой нэг зүйл бол Roockie, Mo’G, SHUWU, Trishna, Key K, Vande, 168, WOLFIZM гээд олон репперийг нэг кинонд тоглуулж чадсан нь амжилт. Дошны найзууд хамтарч хийсэн кино гэнэ дээ.
Энэ талаар киноны Ерөнхий найруулагч А.Баттүшиг “М.Даваасүрэн /Халзаа/ бид хоёр олон жилийн өмнөөс л хамтарч кино хийе гэж ярьсан. “ICE TOP”-ын Э.Хатанбаатарынхаа талаар кино хийе гэж бодож байсан. Найзынхаа амьдарч байсан цаг хугацааг зарж борлуулах гэж байгаа ч юм шиг сөрөг сэтгэгдэл төрөөд больсон. Гэхдээ бид киногоо хийхээр болсон. Тэгээд Rhyme киноны маань зохиолыг бичсэн. Киноны продюсероор Л.Батсүрэн, М.Амарсанаа нар маань 6 буудлын 35 дугаар сургуулийг төгссөн. Бид өөр өөр цаг хугацаанд ч гэсэн нэг сургууль төгссөн. Товчхондоо бол дошоороо нийлээд кино хийсэн” хэмээн нээлтийн үеэр ярьсан юм.
Киноны тухай сонирхолтой баримтуудаас дурдахад:
- “The Wasabies”-ын экс гишүүн, дуучин Д.Энхгэрэл энэ киног “чимжээ”. Уг киноны цор ганц эмэгтэй дүр тэрбээр жүжигчин болох мөрөөдлөө Rhyme-аар биелүүлжээ.
- Реппер Ebo Rhyme кинонд тоглож, өндрийн айдастайгаа нүүр тулсан гэнэ.
- СТА Б.Цогтбаатар Тайхарын дүрээр урлагтаа эргэн ирлээ. Анх Тайхарын дүрд найруулагч А.Баттүшиг өөр хүн тоглуулахаар тохирчихсон байсан гэнэ. Зураг авалтын объект хайж яваад Б.Цогтбаатарын оффист очиж таарч л дээ. Тэгээд юм ярьж байтал яг Тайхарын дүрд тохирох хүн санагдаад санал тавьсан гэнэ. Rhyme киноны найруулагч Тайхарын дүрд тоглох жүжигчинтэйгээ ёстой л тавилангаараа учирч дээ.






