
Өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун сая хүн иогоор хичээллэж, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлийн амар амгаланг олж байна. “Нэгдэл” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай иог нь зөвхөн дасгал хөдөлгөөн бус, хүнийг бясалгал руу хөтөлдөг гүн ухаан юм. Тогтмол хичээллэхэд стресс буурч, төвлөрөл сайжирч, өдөр тутмын амьдрал илүү бүтээмжтэй болдгийг олон улсын судалгаанууд харуулдаг.
Бид энэ удаа “Карма” иогийн багш нартай ярилцаж танд хэрэг болохуйц зөвлөгөөнүүдийг бэлтгэлээ.

Карма иогийн багш Г.Наранцэцэг:
Та амьсгалж л байвал иог хийж чадна. Би чадахгүй, модон биетэй, тарган гэх мэтээр өөрийгөө гололгүй хичээллээд үзээрэй.
Эхний алхмаа хийсэн цагаас таны амьдралд томоохон өөрчлөлт гарах болно.
Зөвхөн сэтгэлзүйгээс гадна бие бялдрын тайван байдлыг олох боломжтой.
Хэрэв таны нуруу өвддөг бол дээшээ харж унтаж байхыг зөвлөж байна. Мөн огцом хөдөлж хэвтэж буй газраасаа босохгүй байх хэрэгтэй.
Нуруу тань чилж өвдөлт мэдрэгдэж эхэлсэн бол танаас анхаарал нэхэж буй хэлбэр. Тиймээс эрт үе дээр нь дасгалаа хийж өвчнийг нь намдаах хэрэгтэй.
50,60 цаашлаад 100 жил амьдрахын тулд өөрийн биеэ хайрлаж, халамжлаарай.


Карма иогийн багш Т.Түмэнсайхан:
Миний хувьд 10 жил иогоор хичээллэж байна. Иог бол хүнээс юу ч шаардахгүйгээр хариуд нь өөртөө итгэх итгэл, урам зориг, тайвшралыг өгдөг. Тиймээс хүн бүрийг иогоор хичээллээсэй гэж хүсэж байна.






