
“The MongolZ” багийн оролцох FISSURE Playground 2 тэмцээн энэ долоо хоногийн Баасан гарагт эхэлнэ
Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 2” тэмцээн Сербийн Белград хотод энэ сарын 12-21-нд болно. Нийт 500,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын “The MongolZ”, Европын “FaZe Clan”, Саудын Арабын “Team Falcons”, Туркийн “Aurora Gaming”, Европын “G2 Esports” зэрэг шилдэг 16 баг тойргийн журмаар тоглох гэж байна.
Монгол Улсын “The MongolZ” баг эхний тойрогт Францын “3DMAX” багтай энэ долоо хоногийн Баасан гарагийн 19:30 цагт “Во3” (гурван “map”-аар ялагчийг тодруулах) журмаар тоглохоор оноолт таарлаа.
Энэ хоёр баг өмнө нь томоохон тэмцээнүүдэд нийт найман удаа таарч тоглоход “The MongolZ” таван удаа ялалт байгуулж байлаа. Хамгийн сүүлд “The MongolZ” багийн түрүүлсэн Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн наймд учраа таарч тоглосон. “FISSURE Playground 2” тэмцээний тойргийн шатанд гурван удаа ялалт байгуулсан найман баг Playoffs буюу хасагдах шатанд тоглох эрхтэй болно. Playoffs шатны тоглолтууд есдүгээр сарын 19-21-нд Белград хотын 20 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Энэ тэмцээнд түрүүлсэн баг 200,000 ам.доллар, дэд байр эзэлсэн баг 100,000 ам.доллар, 3-4 дүгээр байрт шалгарсан баг тус бүр 40,000 ам.долларын шагнал хүртэнэ.






