
Францын засгийн газар дахин огцров
Францын парламент Ерөнхий сайд Франсуа Байруд итгэл үзүүлэхийг дэмжсэнгүй. Үүнтэй холбоотойгоор 9 сарын өмнө Ф.Байругийн байгуулсан засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болж байна.
Ерөнхий сайд Ф.Байруд итгэл үзүүлэхийг парламентын 194 гишүүн дэмжсэн бол итгэл үзүүлэхийн эсрэг 364 гишүүн саналаа өгчээ. Эдийн засгийн хатуу бодлогын хүрээнд төрийн зардлыг 44 тэрбум еврогоор бууруулах тэр дундаа зээлийн хүүгийн хэмжээ, тэтгэвэр болон нийгмийн халамжаас олгодог тэтгэмжүүдийг одоо байгаа хэмжээнд нь царцаах санал гаргасан нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсний дараа Ф. Байру түүнд итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг парламентад өргөн барьсан юм.
Ф.Байру энэ мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронд огцрох өргөдлөө өгөх аж. Ф. Байру нь Э.Макроны Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш томилсон 6 дахь Ерөнхий сайд юм. Э.Макроныг анх төрийн тэргүүн болох үед Эдуар-Шарль Филипп Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм.
2020 онд түүнийг огцроход Жан Кастекс Ерөнхий сайд болсон юм. 2022 оны 5-р сард Жан Кастексийг огцорсны дараа түүний оронд Элизабет Борн томилогдон 2024 оны 1-р сард мөн л огцорсон юм. Түүний араас Францын Ерөнхий сайдаар Габриэль Атталь, Мишель Барнье нар томилогдон ажиллаж байсан бөгөөд 2024 оны 12-р сард Францын парламент М.Барньегийн засгийн газарт итгэл үзүүлэхийг дэмжээгүй учраас засгийн газар нь огцорч, түүний оронд Э.Макрон Ерөнхий сайдаар Франсуа Байруг томилоод байсан юм.






