
Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эрчимтэй хөгжиж буй анагаах ухааны нэг чиглэл бол үүдэл эсийн эмчилгээ. Хүний биед нөхөн төлжилтийн гайхалтай чадвар бий ч нас ахих тусам энэ процесс сулардаг. Харин үүдэл эсийн тусламжтайгаар эсийн хөгшрөлтийг удаашруулж, биеийн өөрийгөө нөхөн сэргээх үйл явцыг идэвхжүүлэх боломж нээгдээд байна.
Эрдэмтдийн тайлбарласнаар хүний биед хоёр төрлийн үүдэл эс бий.
- Цусны үүдэл эс нь цус төлжилтийн үйл ажиллагааг удирдаж, цусны хавдар болон цусны эмгэгүүдийн эмчилгээнд өргөн хэрэглэгддэг.
- Мезенхимийн үүдэл эс нь яс, булчин, мөгөөрс, дотоод эрхтэнг бүрдүүлдэг гол эх үүсвэр бөгөөд эд эсийн нөхөн төлжилт, дархлаа зохицуулах үйл ажиллагаанд чухал нөлөөтэй.
Үүдэл эсийн хамгийн найдвартай эх үүсвэр бол төрөх үеийн ихэсний цус юм. Хүүхэд төрсний дараа ихэс болон хүүхдийн холбоосыг хавчаараар салгасны дараа үлдсэн цусыг авах боломжтой. Энэ үйлдлийг зөвхөн ихэс гарснаас хойш 10 минутын дотор хийж амжих шаардлагатай. Учир нь хугацаа хэтэрвэл цус бүлэгнэн ашиглах боломжгүй болдог.
Ийнхүү цуглуулсан үүдэл эсийг тусгай лабораторид ялгаж, “Эсийн банканд” хадгалдаг. Энэ нь тухайн хүүхдийн өмч бөгөөд зөвхөн өөрт нь, мөн зарим тохиолдолд ах дүү, эцэг эхэд нь эмчилгээний зорилгоор ашиглах боломжтой.
Хэрэв ирээдүйд тухайн хүүхэд эсвэл түүний гэр бүлийн хэн нэг нь цус төлжилтийн эмгэг, булчин шөрмөс, яс, мөгөөрсний гэмтэл зэрэг өвчнөөр өвдвөл хадгалуулсан эсийг нь ашиглан эмчлэх боломжтой. Энэ нь өөрийн биедээ тохирсон, хор хөнөөлгүй эмчилгээний том давуу тал юм.
Эмч мэргэжилтнүүдийн онцолж буйгаар үүдэл эс бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй эрүүл мэндийн урт хугацааны даатгал юм. Учир нь нас ахих үед хэрэг болох эмчилгээг өнөөдөр хүүхэд төрөх мөчид л бэлдэж, ирээдүйд ашиглах боломжтой гэсэн үг.






