
Сөүл АНУ-д саатуулагдсан иргэдээ буцаан авахаар болжээ
БНСУ-ын засгийн газар Вашингтонтой зөвшилцөлд хүрч, Жоржия мужид байрлах Hyundai Motor компанийн үйлдвэрээс АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаныханд баригдсан иргэдээ эх оронд нь буцаан авчрахаар болжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Шик Сөүл Америкийн цагаачлалын албаны шалгалтын үеэр баригдсан иргэдээ эргүүлэн авахаар АНУ руу онгоц илгээхээр болсон тухай, мөн ирээдүйд ийм төрлийн асуудал дахин гаргахгүй байх үүднээс виз олголтын системийг сайжруулах арга хэмжээ авна гэжээ.
АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба өнгөрсөн пүрэв гарагт Hyundai Motor компанийн үйлдвэрт хууль бусаар ажиллаж байсан 475 иргэнийг баривчилсны 300 гаруй нь БНСУ-ын иргэд байсан юм. Цагаан ордон цагаачлалын албаны Hyundai компанийн үйлдвэрт явуулсан ажиллагаа нь хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрт нөлөөлөхгүй хэмээн мэдэгдсэн бол Америкийн Цагаачлал, Гаалийн албаны дарга Том Хоман Hyundai Motor компанийн үйлдвэрт явуулсантай адил ажиллагаанууд дахин илүү өргөн хүрээнд явагдана гэдгийг онцолжээ.






