
Энэ сарын 6-нд Хүй долоон худагт дуатлоны Азийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн элит ангилалд 11 тамирчин хурд сорьсноос Монгол Улсын тамирчин, Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Энхтайваны Болор-Эрдэнэ түрүүлж Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо.
Э.Болор-Эрдэнэ 1:23:55 цагт замаа дуусгасан бол мөнгөн медалийг Сингапурын тамирчин Хоо Жун да Бенжамин, хүрлийг Баяраагийн Алтан-Оргил нар хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд найман тамирчин өрсөлдөхөд Сингапурын Рахел Жя Юй түрүүлсэн бол өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгөн медальт Японы Кидари Саки мөнгө, Монголын Гантогтохын Энхжин хүрэл медаль хүртэв. Мөн сонирхогчдын ангилалд нийт 16 аймгаас 80 тамирчин оролцсон байна.






