
Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ
2024 оны 10-р сард Японы Ерөнхий сайдаар томилогдсон Шигэрү Ишиба албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгджээ. Шигэрү Ишибагийн удирдаж буй Либерал Ардчилсан нам нь Япон улсын төрийн эрхийг өнгөрсөн 70 жилийн турш атгасан ч Шигэрү Ишибагийн удирдлага дор тус нам парламентын доод болон дээд танхимд олонхын суудлаа алдсан юм.
Ерөнхий сайд Ш.Ишиба АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Японы автомашин болон бусад бараа бүтээгдэхүүнд оногдуулсан импортын гаалийн татвартай холбоотой асуудал дээр Вашингтонтой зөвшилцөлд хүрэх нь түүний засгийн газрын хийх ёстой ажил байсныг онцолсон. Уг асуудлаар өнгөрсөн 7 хоногт Вашингтонтой зөвшилцөлд хүрч чадсан учраас албан тушаалаасаа огцрох цаг нь болсноо мэдэгджээ.
68 настай Ш.Ишиба шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна. Тэрээр Японы төрийн тэргүүнээр анх томилогдохдоо үнийн өсөлттэй тэмцэнэ гэж амласан ч сүүлийн нэг жилд тус улсад амьдралын өртөг нэмэгдэж, юмны үнэ өсөж, АНУ-Японы харилцаа ээдрээтэй болсон зэргээс болж Ш.Ишибагийн засгийн газар олон нийтийн дэмжлэгээ алдаад байсан юм.






