
Монголчууд бид жилдээ ганцхан удаа Үндэсний их баяр наадмаараа цэнгэн наадаж, Монгол хүн гэдгээ бүрэн мэдэрдэг гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Гэвч үндэсний их баяр наадмаараа нийт Монголчуудын үзэж нааддаг эрийн гурван наадмаас бөхийн барилдаанаа чих тавин, аль нутгийн хэний хөвгүүд их шөвөгт тунан үлдэж, ямар хүчтэн түрүүлэх бол хэмээн дээр дооргүй таамаг дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ.
Харин баяр наадмын дараа жил бүр л үндэсний бөхийн допингийн асуудал хавтгайрч, гол усаар нэг шуугин, олны дунд ам дамжин яригдсаар, сүүлдээ ч худал үнэн нь үл мэдэгдэхээр болдог. Тэгвэл үндэсний бөх үнэхээр “спорт” мөн юм бол шударгаар өрсөлдөх нь зүй ёсны асуудал. Хэрвээ биш юм бол допингийн шинжилгээг аваад хэрэг байна уу? хэмээн асуумаар байна…
Монголын Үндэсний Эсрэг байгууллагын албаны мэргэжилтнээс тодруулахад баяр наадамд зодоглосон бөхчүүдийн допингийн асуудлыг бид хариуцахгүй. Салбар хороо нь хариуцаж буй учраас бид ямар ч талбайр өгөх боломжгүй гэв. Харин тус байгууллага зөвхөн аймгийн цолтой бөхчүүдийн асуудлыг хариуцдаг гэх тайлбарыг өглөө.
Тэгвэл яг хэн нь, аль байгууллага нь баяр наадмын допингийн асуудлыг эцсийн дүгнэлт тайлбарыг өгч, хэнд ямар шийтгэлийг хэрхэн ногдуулах талаар эцсийн шийдвэрийг олон нийтэд мэдэгдэх вэ? Энэ бол олон нийт, ард түмэн, бөх сонирхогч үзэгчдээ хүндэлж буй хэрэг биш гэж үү…Жилийн жилд л тэр ч мэднэ, манай байгууллага тайлбар өгөхгүй, мэдэхгүй хэмээн мэлзэж, хэдий болтол бие бие рүүгээ байгаа олохгүй чулуу нүүлгэх вэ…
Өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас өнөө жилийн аймгийн баяр наадмуудаас илэрсэн допинтой бөхчүүдийн нэрс, ямар хариуцлага тооцсон талаар мэдээллийг олон нийтэд зарлав. Өнөө жилийн аймгийн баяр наадмуудаас л гэхэд 10 бөхөөс хориотой төрлийн бодис илэрч долоон бөхийн барилдах эрхийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 3-6 жилийн хугацаатай барилдах эрхийг нь хасах шийтгэл оногдуулав.
За яахав допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн барилдах эрхийг нь хасдаг юм байж. Тэдгээртэй барилдаж өвдөг шороодсон бөхчүүдийн энэ насны хүч хөдөлмөр даанч хайран санагдана. Дэвжээ.мн сайтыг шүүж үзвэл барилдах эрхээ хасуулсан бөхчүүд шинэ цолтойгоо бүртгэгдсэн байх бөгөөд тэдэнд унасан бөхчүүдийн цолыг нөхөж олгох, допинг хэрэглэсэн нь нэгэнт тогтоогдон эрхээ хасуулсан бөхчүүдийн авсан цолыг хураах талаар асуудал бүрхэг байна.
Өнөө жилийн Үндэсний Их баяр наадамд найм даван үзүүрлэсэн Улсын гарди Н.Өсөхбаяр тэрээр S1 төрлийн хориотой төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож өөрөө ч түүнийгээ хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргасан билээ.






