
Reuters агентлаг өнгөрсөн лхагва гарагт Бээжин хотод болсон Ялалтын парадын 4 минутын бичлэгээ Хятадын төв телевизийн (CCTV) шаардлагаар устгажээ. Reuters агентлагийн эвлүүлж цацсан бичлэг дээр Ялалтын парадаас гадна Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар орчин үеийн технологийн ачаар урт наслах боломжуудын талаар ярилцангаа алхаж буй дүрс багтсан байсан юм.
Reuters агентлагийн мэдээлснээр CCTV анхнаасаа Ялалтын парадын бичлэг, тэр дундаа Си Жиньпин, В. Путин нарын индэр лүү алхаж буй дүрсийг ашиглахыг зөвшөөрсөн ба Reuters агентлаг хэвлэл мэдээллийн олон улсын бусад агентлагуудын адил эвлүүлсэн бичлэгээ цахим сүлжээнд нийтэлж, олон нийттэй хуваалцжээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Хятадын төв телевизийн Хуулийн хэлтэс Reuters агентлагт албан ёсны шаардлага хүргүүлсэн ба уг шаардлагадаа Reuters агентлаг Ялалтын парадын бичлэгийг ашиглах нөхцөлийг зөрчсөн хэмээн буруутгажээ.
Эх сурвалж: The Guardian






