
Аливаа сорилтыг зөвөөр хүлээж авах чадамжийг хүүхэд байхаас нь эхлэн суулгахад Сингапурчууд онцгой анхаардаг. Сингапурын сургуулийн өмнөх боловсролын стандартыг Монголд 3 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж буй “Little Merlion” цэцэрлэгийн Үүсгэн байгуулагч О.Уянгатай ярилцлаа.
Сингапурын сургуулийн өмнөх боловсролын онцлог, бусад орноос юугаараа ялгаатай вэ? Монголд энэ арга барил тохирох уу?
Хүүхдүүд маань хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн дэлхийд хөгжин дэвжиж ирээдүйн сорилтод бэлэн байх, 21-р зуунд амьдрах чадамжуудыг бүрэн эзэмшсэн байх учиртай. Сингапур өөртөө итгэлтэй бие хүнийг бэлтгэхийн төлөө хайрцаглагдахгүйгээр сэтгэх, тасралтгүй сурч хөгжил хүсэл эрмэлзлэлийг онцгойлон анхаардаг. Нөгөө талаар хувийн зохион байгуулалт сайтай, мэдэхгүй зүйлээ асууж лавлахаас эмээдэггүй, соёл болон үзэл санааны өөр өөр түвшний хүмүүстэй ажиллах чадвартай, сайн хамтрагчийг бэлтгэхэд анхаардаг.
Иймдээ ч хүүхэд бүрийн сурах арга барил өөр өөр байдгийг хүндэтгэн түүнд тохируулж арга зүй, орчин, багш нарыг бэлддэг онцлогтой. Энэ нь монгол хүнд тохирсон хамгийн зөв арга зүй гэж бид итгэдэг.
Сингапурын хөгжлийн нууц нь тэдний цэцэрлэгтэй холбоотой гэдэг өнцгөөс харвал та бүхэн ямар давуу талуудыг нэрлэх вэ? Багшийн хөгжилд онцгой анхаардаг санагдсан. Та бүхэн багшийн хөгжилд анхаардаг уу?
Сингапур хөгжлийн түлхүүрээ “Иргэнийхээ боловсрол” гэж хардаг. Сургуулийн өмнөх боловсролоос эхэлж хүүхдийн бүтээлч, хариуцлагатай иргэн болох суурийг тавьдаг.Алдаа гаргахаас айдаггүй, алдсан ч оносон ч энэ бол чиний амжилт юм гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулсанаар хүүхэд өөртөө итгэлтэй, бүтээлч, цаашид сурах хүсэл эрмэлзлэлтэй, аливаа сорилтыг зөвөөр хүлээн авдаг тууштай нэгэн болдог. Энэ чадамж монгол хүнд хамгийн их дутагддаг юм шиг санагддаг.
Ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадварыг Сингапурчууд түрүүлж харж чаддаг. Хамгийн анхны хүүхдийн дижитал хэл сэтгэлгээний хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүлсэн улс шүү дээ. Энэ хөтөлбөрийн бид ч бас оруулж ирсэн байгаа. Багшийн хөгжлийн тухайд, Сингапур тогтмол сургалт, олон улсын солилцоо, үнэлгээтэй байдаг. Монголд ч багшийн хөгжлийг системтэй дэмжих шаардлагатай.
Бид багш нараа олон талын сургалтад хамруулж, бэлддэг.
Цэцэрлэгийн хоолонд эцэг эхчүүд ихээхэн анхаарал хандуулдаг. Олон улсын стандарт баримталдаг уу?
Бид дэлхийн иргэн бэлдэх эрхэм зорилготой ажилладаг. Харвардын их сургуулиас гаргасан зөвлөмж, тавагны зарчмын дагуу хүүхдийн хоолыг бэлдэж олон төрлийн хүнстэй танилцуулах нь бидний зорилго билээ. Олон улсад ажиллаж байсан туршлагатай тогооч манайд ажилладаг нь энэ зорилгоо биелүүлэхэд том дэмжлэг болдог.
Балетчин М.Тэргэл гэх мэт онцгой ур чадвар бүхий хүмүүсээр та бүхэн хичээл заалгаж байна. Урлагийн боловсрол чухал байх?
Сингапур хөтөлбөрийн маань нэг чухал суралцахуйн чиглэл нь гоо зүй болон бүтээлч сэтгэлгээ. Урлагийн сайхныг мэдрэх, оролцох, зөв дадал, бие бялдрын өв тэгш хөгжилтэй болгох нь бидний зорилго.
Хүүхдүүд маань бага насандаа юу оролдож, суралцаж, хэнийг харж, хөгжиж байгаагаас ирээдүйн амьдрал, хүсэл мөрөөдөл нь тавигддаг гэдэгт бид итгэдэг.
Тиймдээ ч бид 2 дахь жилдээ ДБЭТ-ын гоцлол балетчинаар хүүхдүүддээ хичээл заалгаж, урлагийн сайханыг хамтдаа мэдэрч байна.
Цэцэрлэгийн багш нарыг хөгжүүлэх чиглэлд танай хамт олон ямар ажлууд хийв? Хэчнээн багш хамрагдсан бэ? Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?
Олон улсын сайн туршлага, арга зүйг хуваалцах нь бидний зорилго. Энэ хүрээнд 12 дугаар бүхий “Бяцхан хүмүүсийн том асуудлууд” тв контент хийж олон нийтийн телевизээр цацсан. Улсын хэмжээнд 200 орчим цэцэрлэгийн 23 мянган багш, арга зүйч нар энэ контентыг үзэж өөрсдийн өдөр тутмын ажилдаа санаа аван ашиглаж байна.
Зөвхөн багш нар ч биш бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, асран хамгаалагчид үзэх боломжтой. Univision – Social контент хэсэгт үнэ төлбөргүй байршсан байгаа.
Цаашид, олон улсын туршлага судлуулах, Сингапур болон Финлянд улсаас багш нар авчрах, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх сургалт хийх, багш платформ дээрээ хичээлийн сэдэв бүрээр арга барилаа дүрсжүүлэн хуваалцах зэрэг ажлууд хийхээр төлөвлөсөн.






