
АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба АНУ-ын Жоржия мужид байрлах Өмнөд Солонгосын Hyundai Motor Group компанийн цахилгаан автомашины үйлдвэрийн 400 гаруй ажилчдыг баривчилжээ.
АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэнээр Цагаачлал, Гаалийн алба өнгөрсөн оны 10-р сард ашиглалтад орсон Hyundai компанийн үйлдвэр хөдөлмөрийн тухай хууль журмыг зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгалт, нэгжлэгийг явуулсан аж.
Цагаачлал, Гаалийн албаныхны баривчилсан 475 хүний дийлэнх нь буюу 300 нь БНСУ-ын иргэд байгаа ба Сөүл уг баривчилгааг буруушааж, иргэдийнх нь эрхийг хүндлэхийг хүсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор БНСУ-ын засгийн газар Жоржия дахь Hyundai компанийн үйлдвэр лүү дипломатуудаа илгээж, БНСУ дахь АНУ-ын элчин сайдын яамтай холбогдож, БНСУ-ын иргэдийн эрх ашигтай холбоотой асуудалд анхаарал болгоомжтой хандахыг хүссэн байна
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хууль бус цагаачдыг албадан гаргах амлалт өгсөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Жоржия дахь Hyundai компанийн үйлдвэрийн ажилчдыг барьж, Фолкстон хотын саатуулах байранд хорьж буй тухайд, “Баригдсан хүмүүс нь хууль бус цагаачид байсан. Цагаачлал, Гаалийн алба ажлаа л хийж байна.” гэжээ.
Харин Hyundai Motor Company АНУ-ын Цагаачлал, Гаалийн албаныхны баривчилсан иргэдийн хэн нь ч Hyundai үйлдвэрийн албан ёсны ажилтан биш гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC






