
Францын нийслэл Парис хотод болсон Украиныг дэмжигч “Сайн дурынхны эвсэл” гэгдэх 35 улсын төрийн тэргүүнүүдийн чуулга уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Москва, Киев хоёр галаа зогсоох гэрээ байгуулсан даруйд “Сайн дурынхны эвсэл”-ийн 26 улс Украин руу цэргээ илгээж, аюулгүй байдлын баталгаа үзүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн талаар дурджээ.
Чуулга уулзалтын дараа Европын удирдагчид, В.Зеленскийн хамтаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярилцсан ба энэ үеэр Д.Трамп Европын орнууд тэр дундаа Унгар, Словак зэрэг улсыг ОХУ-аас газрын тос импортлохоо зогсоох шаардлагатайг сануулжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп, Европын удирдагчдын хамт Украины агаарын бүсийг хамгаалах тусгай форматын талаар ярилцсан талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский дурдсан байна.
ОХУ-Украины дайн дууссаны дараа Украинд өөр улсын цэргүүдийг байршуулах асуудал яригдаад удаж байгаа ч Киевийн түнш орнууд энэ тал дээр одоог хүртэл зөвшилцөлд хүрээгүй байгаа билээ.
Өнгөрсөн 4-р сард Их Британи, Франц тэргүүтэй зургаан улс Украин руу цэргээ илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан бол 8-р сард энэ тоо 10 улс болж нэмэгдээд байсан юм.
Нөгөө талаас Москва Украинд өөр улсын цэргүүдийг байршуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа билээ.






