
Өчигдөр /2025.09.04/ Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гэмтэл гарсны улмаас тус станцаас хангагддаг 8 аймаг, 143 суманд цахилгаан тасраад байсан юм.
Өчигдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар өөрсдийн цахим хуудаснаа:
“220/110кв-ын систем буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг 8 аймгийн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил хийгдэж байна.
БОЭТ-ийн нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу Эрчимт эмчилгээний тасаг болон хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр хангагдаж байна.
Эрчимт эмчилгээнд 1 хүнд өвчтөн, тусламж үйлчилгээ хэвийн, хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй, яаралтай хагалгаа ороогүй байна” гэх мэдээллийг нийтэлсэн байсан юм.
Тодруулбал:
Орхон аймгийн Баян-Өндөр сум 220 кВт-ын дэд станцын хаалттай хуваарилах байгууламжид гал түймэр есдүгээр сарын 3-ны 18:55 цагт гарсан бөгөөд Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийг оройн 19:43 цагт бүрэн унтраажээ.
Мөн станцаас хангагддаг найман аймаг, 143 сумыг цахилгаанаар бүрэн хангасан байна.
Үүссэн гал түймрийн улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй бөгөөд, гал алдсан шалтгааныг холбогдох байгууллагаас шалгалтыг тодруулахаар ажиллаж буй.
Өмнө нь тус станцад тоног төхөөрөмжийн элэгдэл хуучралтай холбоотойгоор бусад аж ахуйн нэгжүүдийн тогийг тасалж байсан удаатай ч техникийн шинэчлэлээ тогтмол хийгээд явж байгаа аж.






