
БНХАУ-ын нийслэл Бээжинд өнгөрсөн лхагва гарагт болсон Ялалтын парадын өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бусад зочид төлөөлөгчдийн хамт алхангаа орчин үеийн технологийн тусламжтай урт наслах тухай ярилцаж байгаа нь Ялалтын парадын албан ёсны шууд дамжуулалтын камерт буужээ.
Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпины хэлсэн үгийг орчуулагч нь В.Путинд дамжуулахдаа:
“Дээр үед хүмүүс ер нь 70-аас дээш насалдаггүй байсан. Гэтэл өнөөдөр 70 настай бол та хүүхдээрээ байна гэх болж” хэмээн орчуулж байгаа нь сонсогдоно.
Хариуд нь Оросын төрийн тэргүүний хэлсэн үгийг орчуулагч:
“Биотехнологийн хөгжлийн ачаар хүний эд эрхтнийг тасралтгүй шилжүүлэн суулгаад яваад байж болдог болсон. Урт наслах тусам хүмүүс өөрсдийгөө залуужиж байгааг мэдэрч, цаашлаад үхэшгүй мөнх амьдарна” хэмээн орчуулж, Ерөнхийлөгч Си Жиньпинд дамжуулжээ.
Үүний хариуд Хятадын төрийн тэргүүн:
“Энэ зуунд хүмүүс 150 хүртэл наслах боломжтой болно гэсэн тооцоо хүртэл гарсан” хэмээн хэлсний дараа шууд дамжуулалт өөр дүрс лүү шилжжээ.






