
Энх тайван тогтохын өмнөх Дорнын форум
Буурал Европт ассан дайны гал одоо намдаж магадгүй боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй нүүр тулан уулзаж, Украины асуудлаар энх тайвны яриа хэлэлцээ хийе, В.Зеленскитэй ч Москвад уулзъя гэлээ.
Гурван жил сунжирсан энэ дайнд ил, далд оролцогч талууд эдийн засгийн асар их гарз хохирол амссан. Тиймээс даруй энх тайван тогтоох, эдийн засгаа сэргээх хүсэл сонирхолтой байгаа.
Дайны дам нөлөө гэж бий. Тэрхүү нөлөөнд өртөгсдийн дунд Монгол ч багтана.
Д.Трампын тарифын тулгалт, БНХАУ-ын хариу үйлдлүүд үнийн савлагаа үүсгэж, эдийн засаг агшихад хүргэж буй.
Дэлхийн худалдаа өнгөрсөн 3 жилд маш тогтворгүй, ойлгомжгүй байдалд орсон. ОХУ, Украин, Европын холбоо гурав хоорондоо учраа олчихвол улс орнуудын эдийн засаг нуруу тэнийх боломж гарна. Дайны дам нөлөө буюу улс орнууд өөр хоорондоо тавьсан худалдааны саад, хоригууд эерч, хэвийн байдалдаа буцан орно.
Жил бүрийн 9-р сард болдог Дорнын эдийн засгийн форум энэ долоо хоногт эхэлнэ. Энэ Форумд Энэтхэг, Япон, БНСУ, Казахстан, Тайланд, Малайз, Монгол зэрэг орнууд өндөр түвшинд оролцдог уламжлалтай. Энэ удаагийнх дайн дуусаж, энх тайван тогтохын өмнөх форум учраас ЕвроАзийн улс орнууд онцгой ач холбогдол өгч оролцох нь ойлгомжтой.
Монгол Улс ч бүс нутгийн эдийн засгийн энэхүү хуралдайд ач холбогдол өгч оролцох нь хожил авчирна. Худалдаагаа өргөжүүлэх, харилцаагаа тэлэх бодит боломжууд гардаг учраас дэлхийн анхаарал Владивостокийн форум руу анхаарал хандуулж эхэллээ.
Эх сурвалж: Өдрийн сонин






