
Ч.Батсайхан гуайн мөрөөдөл охиноо боловсролтой болгох. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд охиноо тэврээд 20 жил зүтгэжээ.
Түүнд МУИС-ийн хоёрдугаар байрны дөрвөн давхар руу охиноо өргөж гарах юу ч биш санж. Тэр энэ тухайгаа ярихдаа “Эрдэм сурахад МУИС 4 давхар байна уу, 40 давхар байна уу хамаагүй. Би охиноо хэдэн давхарт байсан ч өргөж гаргаад боловсролтой хүн болгохдоо л болгоно” хэмээн ярьж байна.
Цаашлаад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуус үргэлж боловсролоос хоцорч, цоожтой хаалганы цаана үлдчих гээд байдаг талтай. Яриа өглөө гээд ичих зүйл байхгүй. Би эрч хүчтэй, эрүүл саруул байх болно. Миний охин чинь мөрөөдлийг минь биелүүлж яваа юм.
Бага залуудаа МУИС-д суралах юм сан гэж мөрөөддөг байлаа шүү лээ. Гэтэл чадаагүй л дээ. Миний том охин АШУИС-ийн төгсөх ангийн оюутан. Харин бага нь ингээд өөрийнхөө хүчээр их сургуульд орсонд баяртай байна.
Яг үнэндээ би жаахан хойш суух гээд байсан талтай. Гэтэл охин минь боломжгүй бүхнийг боломжтой болгож чадсанд аав нь бахархаж байна.
Нэг их онгироод байх зүйл биш. Над шиг ийм аавууд олон. Гагцхүү хэвлэл мэдээллийн байгууллагаар гардаг нь л ховор болохоос.
Манай охин ахлах сургуулиа 47 дугаар сургуульд дүүргэсэн юм. Түүнээс өмнө 70 дугаар сургуульд суралцдаг байсан. Арван жилийн сургуулиуд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог хангаж, сурч хөгжих боломжоор хангаасай гэж боддог юм.
Ядаж л ахлах ангиа төгсөхөд нь хонхыг нь цохиулаад яваасай л гэж боддог доо.
Би бол эгэл жирийн ийм олон олон аавын төлөөлөл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг ч гэсэн үүнийг үзээд сурах хүсэл эрмэлзэлтэй болоосой хэмээн хүсэж байна” гэлээ.
Б.Маралмаа: Миний аав миний баатар, Хайртай шүү

Харин түүний охин Б.Маралмаа өдөр болгон их сургуулийн дөрвөн давхар руу ааваараа өргүүлж гардаг тэрбээр налуу шаттай болгож өгөхийг хүссэн юм. Түүний хувьд аав нь энэ дэлхийн хамгийн шилдэг баатар аж.
Энэ тухайгаа ярихдаа “Манай аав бол баатар. Хэдийгээр том болоод дөлөөд байдаг ч гэсэн хайртай шүү.
Өдөр болгон өргүүлж явдаг ч гэсэн сургууль маань нэг л өдөр налуу шаттай болох байх аа” гэлээ.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү…






