
Хойд Солонгосын Гадаад харилцааны яам тус улсын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн даваа гарагт өөрийн хувийн хуягт галт тэргээрээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг зорьсон тухай мэдэгджээ.
Ким Жон Уны эцэг, Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Ил онгоцоор нисэх дургүй, галт тэргээрээ зорчихыг илүүд үздэг нэгэн байсан гэгддэг.
Ким Жон Уны эцэг Ким Жон Ил, өвөө Ким Ил Сон нар нь аяллынхаа үеэр галт тэргэндээ элбэг дэлбэг, тансаг зоог барих дуртай байсан гэдгээрээ алдартай байсан бөгөөд Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Хойд Солонгосын удирдагчид галт тэргэндээ Францын бордо, божоле зэрэг дарс ууж, амьд хавчаар хийсэн хоол, шарсан гахайн мах зэргийг зооглодог байсан тухай бичиж байсан юм.
БНСУ-ын Chosun Ilbo сонины 2009 оны дугаарт бичсэнээр Ким Жон Уны өндөр хамгаалалттай, хувийн хуягт галт тэрэг нь харьцангуй удаан буюу цагт 60 км хурдтай явдаг аж. Дотроо хурлын өрөө, ажлын өрөө болон унтлагын өрөөтэй бөгөөд хиймэл дагуулын утас, хавтгай дэлгэцтэй зурагт зэргээр тоноглогдсон байдаг аж.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч асан Ким Жон Ил гэр бүлийнхээ хувийн галт тэргэнд зориулж галт тэрэгний 20 өртөө бариулсан гэгддэг.
Ким Жон Уны хувьд Хойд Солонгосын удирдагч болсноосоо хойш онгоц, галт тэрэг гээд аль алинаар нь зорчиж байсан ба хамгийн сүүлд 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар хувийнхаа галт тэргээр Оросын алс дорнодыг зорьж байсан юм. Тухайн үед Ким Жон Уны галт тэрэгний модон шал, хээ хуар болсон цагаан хаалга зэрэг нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуранд өртөж байсан билээ.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Хойд Солонгосын удирдагчийн галт тэргийг хоёр галт тэрэг дагалдаж явдаг ба нэг нь төмөр замын аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй бол нөгөө галт тэргэнд нь Хойд Солонгосын удирдагчийг дагалдаж яваа хүмүүс зорчдог аж.
Тус галт тэрэгний бодит хэмжээ бүхий үзүүлэн Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотын захад байрлах Ким Жон Уны өвөө, аав хоёрын бунхан дотор байдаг аж.
Эх сурвалж: CNN






