
ТӨСӨВ бол бидний төлсөн татварын мөнгийг эргүүлээд бидэнд хэрхэн, яаж зарцуулах тухай шийддэг баримт бичиг юм.
Төсвийн тухай хуулийн дагуу Засгийн газраас Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
2025 оны төсвийн хууль эдийн засгийн төсөөлөл алдаж, Засгийн газрын хэт данхар бүтэц, үрэлгэн МЕГА зардал, гадаад нөлөө гэх мэтээс үүдэн батлагдсан даруйдаа тодотголд орж, эхний хагас жил дээрээ дахин тодотгол хийгдсэн хамгийн муу боловсруулсан төсөв болсон.
Гэхдээ энэ удаад ч Сангийн яам, Засгийн газар төсөөллөө өөдрөг байлган нүүрс, зэсийн орлогодоо дулдуйдсан, 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа. Алдагдалтай төсөв дахин батлахгүй гэж хуульдаа ч заасан гишүүдийн ч шүүмжлэл энэ төсвийг “босго давуулахгүй” гэдэг нь тодорхой. Хэрхэхийг тэнгэр биш УИХ л шийдэх үлдлээ.
Мөн энэ жил төсвийн хуульд заасны дагуу татвар, шимтгэлээ төлж, төсвийн суурийг бүрдүүлэгч иргэдээс 15 хоногт санал авч төсвийн төсөлдөө тусгасан байх учиртай. Иргэд олон нийт 2026 оны төсвийн хуулийг батлагдах хүртэл өөрийн оруулсан саналаа тусгагдаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлагатай юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тоон мэдээллийг задлан харъя:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5,7 хувь, 2027 онд 6,3 хувь, 2028 онд 6,5 хувь байхаар тооцсон байна.
Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар анх удаа иргэдийн саналд тулгуурлан боловсруулж, 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр, төсвийн ерөнхийлөн захирагч бүр олон нийтийн хэлэлцүүлэг хийж, 239 мянга орчим хүнийг оролцуулсан. Давхардсан тоогоор 8.8 мянган санал ирүүлсэн нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог өргөн хүрээнд хангаж чадсан хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд танилцууллаа.
Түүнчлэн Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн.
ОРЛОГО
Төсвийн орлогыг тооцохдоо, зэс, нүүрсний үнийг 2026 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 133.7 ам.доллар байхаар тооцлоо.
2026 оны төсвийн орлогоо доорх эх үүсвэрээр олно гэж төсөөлжээ.
Үүнд:
– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тус сангийн хөрөнгийг арвижуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь буюу 2,186.9 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу санд хуримтлуулна. Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг Засгийн газраас баталсан хөрөнгийн удирдлагын бодлогын хүрээнд оновчтой удирдаж, сангийн хөрөнгийн орлого, өгөөжийг нэмэгдүүлнэ.
– Экспортын орлогыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллан, нүүрсний экспортын хэмжээг 90 саяд хүргэнэ. Гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх онуудын түвшнээс бууруулахгүй байх, нэмэгдүүлэх үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Энэ хүрээнд гол худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын тээврийг оновчтой зохион байгуулах, тасралтгүй байдлыг хангах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
– Иргэдийн хэрэглээндээ төлдөг татварын ачааллыг багасгах, бодит орлогыг хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн сарын 1 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.
– Төлбөрийн баримтыг бүрэн цахимжуулах ажлыг эхлүүлж, холбогдох системийн хөгжүүлэлтийг хийнэ. Иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд нь автоматаар төлбөрийн баримт бүртгэгдэх боломжтой болно. Түүнчлэн зах, худалдааны төвүүд, цахим худалдаа эрхлэгчдийн төлбөрийн баримт олголтыг идэвхжүүлэх, хялбаршуулах, бүртгэлийг сайжруулах замаар НӨАТ-ын хамрагдалтын түвшнийг нэмэгдүүлж, татварын суурийг өргөжүүлнэ.
– Инфляцыг тогтворжуулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг “0” хувиар тогтоосон арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
– Гааль, татварын бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох үйл ажиллагааг үргэлжлүүлэн хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан системийг хөгжүүлнэ. Ингэснээр гааль, татварын хяналт, шалгалтын цар хүрээг оновчтой тодорхойлох, давхардлыг арилгах, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах, татвар төлөгчдөд учруулах чирэгдэл, хүнд суртлыг бууруулахад дэвшил гарч, татвар ногдуулах, хураах, хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд зарцуулах цаг, зардал буурна.
Дээрх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 34,923.8 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцжээ.
2026 онд Төсвийн тогтворжуулалтын санд 367.7 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 2,427.2 тэрбум төгрөг, Хуримтлалын санд 528.9 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлнэ.
ЗАРЛАГА
Удирдах албан тушаалтны орон тоог бууруулж, төрийн албан хаагчдын нийт орон тооны тэлэлтийг хязгаарлана
2025 оны төсвийн тодотголоор Засгийн газраас төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2026 онд орон тооны тэлэлтийг хязгаарлаж, 2025 оны түвшинд хадгална. Мөн төсвийн тодотголоор яам, агентлагийн 135 удирдах албан тушаалтны орон тоог бууруулсан ба 2026 оны төсвийн төсөлд эдгээр орон тоотой холбоотой зардлыг хэмнэхээр тооцсон.
Төрийн хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлнэ. өрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж, төсвийн байгууллагын үр ашиггүй зардлыг 5.7 хувиар бууруулан, хэмнэгдсэн хөрөнгийг нийгмийн салбарт зарцуулахаар тооцсон.
Экспортыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээний зардлыг нэмж хуваарилна
Энэ хүрээнд геологийн судалгаа, эрлийн ажлын зардал, хүн амын хүнсний хэрэглээний улаан буудайн нөөц бүрдүүлэх зардал, байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, алба хаагчдын орлогын баталгааг сайжруулахад шаардлагатай зардлыг 2026 оны төсвийн төсөлд тусган тооцсон.
Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж
Ирэх жил 7.0 мянга орчим төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахаар тооцон, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардалд нийт 352.6 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ нь 2025 онтой харьцуулахад 111.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.
Төсвийн орлогын нөхцөл байдалтай уялдуулан тэтгэмжийн зардлыг төсөвт бүрэн тусгах боломжгүй тул 50 орчим хувь буюу 178.1 тэрбум төгрөгөөр бууруулж 174.4 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн төсөлд тусгажээ. Тэтгэмжийн үлдэх зардлыг 2027 оны төсвийн жилд шилжүүлж бүрэн олгохоор тооцсон болно.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв 1,380.0 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Үүнийг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлнэ гэж төсвийн төсөлд тусгажээ.
2026 оны төсвийн төсөл боловсруулахдаа Засгийн газар анх удаа иргэдийн санал асуулгыг E-Mongolia системээр өргөн цар хүрээтэй зохион байгуулсан бөгөөд нийт 188,016 иргэн (насанд хүрсэн иргэдийн 8.2 хувь) оролцсон.
Иргэдийн саналын үр дүнг тоймлон дүгнэвэл, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний чанар‑хүртээмжид төвлөрөх, түүнчлэн төрийн захиргаа, төрийн өмчит компаниудын зарцуулалт, сахилга батыг эрс сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Тиймээс төсвийн бодлого‑үр ашгийг сайжруулахын тулд
1)эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбарын төсвийг гүйцэтгэл‑үр дүнд суурилан эрэмбэлэх;
2) төсвийн байгууллагын захиргааны зардал бууруулах болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийг бодит төлөвлөгөө, хугацаатай хэрэгжүүлэх;
3)халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлэх, өгөөж багатай зардлыг үе шаттай бууруулах;
4)татварын бодлогын өөрчлөлтийг өрхийн орлогын нөлөөлөлтэй уялдуулах зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газар 2026 онд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, ахиулан сайжруулахад чиглэж ажиллана. Ингэхдээ иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж, эрчим хүч, татварын буцан олголт зэрэг долоон чиглэлд түлхүү анхаарна гэдгийг онцоллоо






