
Мэргэжлийн талбайн теннисийн US Open тэмцээний үеэр Польшийн теннисчин Камиль Майхшак фенүүддээ гарын үсгээ зурж өгөх явцдаа үзэгчдийн дунд байсан нэгэн хүүд өөрийн гарын үсэгтэй малгай өгснийг хүүгийн хажууд зогсож байсан эрэгтэй булааж авч буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд тархаж, олны бухимдлыг төрүүлсэн юм.
Бичлэг дээрээс К.Майхшак тоглолтын дараа фенүүддээ гарын үсэг зурж өгч байхдаа үзэгчдийн дунд байсан нэгэн хүүд малгайгаа өгснийг хүүгийн хажууд зогсож байсан эр булааж аван, хамт яваа эмэгтэйн цүнх рүү яаран хийж байгааг мөн малгайг авах ёстой байсан хүү бухимдаж, сэтгэл гонсгор хоцорсныг харж болох юм.
Бичлэг цахим орчинд тархсан даруйд нийгмийн сүлжээнд иргэд тухайн эрийн хүүхдэд гаргасан ёс зүйгүй, бүдүүлэг үйлдлийг буруушааж, удалгүй тухайн эр Польшийн зам засварын Drogbruk компанийн гүйцэтгэх захирал Пётр Щерек болохыг тогтоожээ.

Олны анхаарлыг татсан уг бичлэгийн ачаар К.Майхшак малгайгүй хоцорсон хүүтэй уулзаж, дахин малгай бэлэглэж, хамт зургаа даруулсан бол олны бухимдлыг төрүүлсэн П.Щерек Facebook хуудаснаа уучлалт хүссэн пост нийтэлжээ.
Тэрээр К.Майхшакийн ялалтын дараа сэтгэл нь их хөдөлсөн байсан учраас тухайн үед К.Майхшак малгайгаа өөрийнх нь хүүхдүүдэд өгч байна гэж андуурсан хэмээн, хохирогч хүү, хүүгийн гэр бүлийнхэн, К.Майхшак болон түүний фенүүдээс уучлалт гуйж байгаагаа илэрхийлжээ.






