
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.09.01/ дараах мэдэгдлийг хийлээ.
“Бүх том барилгын орон сууцын хороолол хотхонууд дээр үзлэг шалгалт хийгээд борооны усныхаа системийг барилгын хуульд нийцүүлж шийдээгүй аж ахуйн нэгжүүдэд торгуулийг нь тавьж, уг алдаагаа засах хүртэл дараа дараагийнх нь барилгын зөвшөөрлүүдийг өгөхгүй. Энэ ажлыг борооны улирал багасаж байгаа үед хийх хэрэгтэй. Нэг ийм сармагчны үлгэрээр амьдарч болохгүй ээ. Өөрөөр хэлбэл бороо дараа жил дахиж орохгүй мэтээр мартдаг үйлдэлд бүрмөсөн цэг тавь. Бүх том аж ахуйн нэгж, байгууллагууд, зөвхөн барилгын компани гэлтгүй томоохон зочид буудал, хаус, хорооллууд босгосон байгууллагууд бүгд усны хаялгаа нийтийн эзэмшлийн зам руу хаяж байна. Энийгээ болиул. Энэ асуудал дээр өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй шалгалт явна. Усны хоолой эвдсэн “Эм Си Эс”-ийн нэг төсөл байсан. Үүнд олон тэрбум төгрөгийн тэр нэхэмжлэлээ гарга. Эргээд энийг нь засуул. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд, бизнесийн байгууллагууд зэрлэг капитализмын зарчмаар ашиг олох гэж хэт улайрч, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэн сүйтгэдэг, нийтийн усны хаялга систем, усны байгууламжуудыг устгасан үйлдлүүдийг таслан зогсоож хяналт шалгалт явуул. Үүнийхээ мөрөөр зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчлийг нь арилгуул. Ус зайлуулах шугам сүлжээ системийн талаар газар дээр нь яваад ирэх оныхоо төлөвлөлтийг 10 сарын нэгнээс өмнө Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулаад ирэх онд дахиад 20 – 30 км ус зайлуулах системийг шинээр нэмж байгуулъя” гэв






