
БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Хятадын Тяньжин хотод болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтын хүрээнд уулзжээ.
Ерөнхий сайд Н. Модигийн хувьд БНХАУ-д 7 жилийн дараа анх удаа айлчилж буй нь энэ юм.
Bloomberg агентлаг Бээжин, Дели хоёр маргаантай бүс нутагт хилийн хязгаарлалтыг тогтоох зөвшилцөлд хүрч, хоёр орны дипломат харилцаанд гарсан ховор бөгөөд томоохон ахиц дэвшлийн үр дүнд уулзаж байгааг онцолжээ.
Уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Хятад, Энэтхэг хоёр улс өрсөлдөгчид бус бие биеэ амжилтад хөтлөх түншүүд байх ёстойг онцлон, “Луу, заан хоёр хамтдаа бүжиглэж чадна.” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын газрын тосны гол импортлогчдын нэг Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг огцом нэмэгдүүлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Н. Моди Энэтхэг улс Хятадтай харилцаагаа сайжруулах зорилт тавьсныг мэдэгдсэн байна.
Түүнчлэн 2020 онд Хятад-Энэтхэгийн хилийн маргаантай бүсэд болсон зэвсэгт мөргөлдөөний дараа Ерөнхий сайд Н. Моди хоёр улс хоорондын шууд нислэгийг зогсоосон байснаа сэргээж байгаагаа ч зарлажээ.
Уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд эдийн засгийн нөхцөл байдал ба түүний нөлөө, хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутагт болон дэлхийд тулгараад буй асуудлуудыг хөнджээ.
Эх сурвалж: Reuters






