
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн ням гарагт БНХАУ-д хүрэлцэн иржээ. Тэрээр Хятадын Тяньжин хотод болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтад оролцохоос гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпины урилгаар ирэх лхагва гарагт Бээжин хотод болох Ялалтын парадыг үзэж сонирхох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин нарын албан ёсны уулзалт Бээжин хотод болох ба Бээжин хотод хийх айлчлалынхаа үеэр В. Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай мөн уулзах юм.
ОХУ-ын төрийн тэргүүний БНХАУ-д хийх айлчлал нь нийт 4 өдөр үргэлжлэх ба В. Путины туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр Ерөнхийлөгч В. Путины гадны нэг улсад хийх айлчлал ийм олон өдөр үргэлжилж буй нь маш ховор тохиолдол аж.
Ерөнхийлөгч В. Путин БНХАУ-д хамгийн сүүлд 2024 оны 5-р сард айлчилсан бол Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин өнгөрсөн 5-р сард ОХУ-д айлчилж, Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт зориулсан Ялалтын парадыг үзэж сонирхсон билээ.
Эх сурвалж: The Guardian






