
Украины парламентын спикер асан Андрий Парубийг өнгөрсөн бямба гарагийн өдөр Львов хотын гудамжинд буудан хөнөөжээ.
Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр хоол хүргэлтийн ажилтны хувцас өмсөж, гар буугаар зэвсэглэсэн этгээд А. Парубий руу 7-8 удаа гал нээснийхээ дараа цахилгаан мопед унан хэргийн газраас зугтжээ. 54 настай А. Парубий түргэн тусламжийн ажилтнууд ирэхээс өмнө газар дээрээ нас баржээ
А. Парубий Евромайданыг зохион байгуулагчдын нэг бөгөөд 2014 онд Украины Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар, 2016-2019 онд Украины парламентын спикерээр ажиллаж байсан Украины нэртэй улстөрчдийн нэг юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский А. Парубийн аллага нь маш нарийн төлөвлөсөн, зохион байгуулалттай байсныг онцолсон бол Украины хууль тогтоогчид уг аллагыг алан хядах үйл ажиллагаа хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж: CNN World






