
Галт уулс, халуун рашаан, ер бусын үзэсгэлэнт байгалиараа алдартай хойд Европын Исланд улс 2025 оны дэлхийн хамгийн тайван улсаар тодорчээ.
Австралид төвтэй Эдийн засаг, Энх тайвны институт нь 2008 оноос хойш жил бүр улс орнуудыг нийгмийн аюулгүй тогтвортой байдал, дотоод, гадаадын зөрчил, цэрэгжилтийн түвшин зэргээр нь үнэлж, дэлхийн хамгийн тайван орнуудын жагсаалтыг гаргаж ирсэн билээ.
2025 оны Энх тайвны индексийн үзүүлэлтээр ОХУ анх удаагаа дэлхийн хамгийн тайван бус орноор тодорсон бол АНУ дэлхийн 163 орноос 128-д Хондурас, Бангладеш, Уганда зэрэг орнуудын доор бичигджээ.
Баруун болон Төв Европын орнуудаас Франц улс хамгийн өндөр түвшний цэрэгжилттэй улсаар тодорсон бол улс орнуудынх нь тайван, аюулгүй байдал сайжирсан цорын ганц бүс нутгаар Өмнөд Америк тив тодорчээ. Тус тивээс Перу болон Аргентин улс, Хойд болон Төв Америкаас Канад, Коста-Рика зэрэг улсын үзүүлэлтүүд өмнөх жилийнхээс сайжирсан байна.
Сахарын цөлөөс урагш байрлах улс орнуудаас жуулчдын хамгийн ихээр зорьдог Маврикий, Ботсвана, Намиби зэрэг улс нь хамгийн тайван орнуудаар тодорсон байна.
Монгол улсын хувьд өмнөх жилийн жагсаалтаас 8 байр урагшилж, 163 орноос 37-д бичигджээ.
2008 оноос хойш улс орнуудын энх тайвны индексийн дундаж оноо 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй, хамгийн тайван улс болон хамгийн тайван бус улс хоорондын онооны зөрүү 11.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. 2025 оны энх тайвны индексийн үр дүнгээс дэлхийн энх тайван байдал 6 дахь жилээ дараалан дордож, үүнд дайн зөрчилдөөнтэй орнуудын тоо нэмэгдсэн явдал хамгийн том нөлөө үзүүлснийг харж болох юм.
Эх сурвалж: CNN Travel






