
“Gangnam Style” дуугаараа дэлхийд танигдсан БНСУ-ын дуучин, реппер Psy-г хууль сахиулагчид Занакс, Стилнокс зэрэг сэтгэц нөлөөт эмүүдийг гуравдагч этгээдээр дамжуулан авч байсан хэргээр шалгаж байна.
The Korea Herald өдөр тутмын сонинд бичсэнээр Сөүл хотын Содэмүн дүүргийн цагдаагийн газар 48 настай Psy-г, түүнд сэтгэц нөлөөт эм бичиж өгсөн эмчийн хамт шалгаж эхэлжээ.
Өмнө нь архаг нойргүйдлээр оношлогдож байсан Psy өөрийн менежер болон өөр бусад хүмүүсийг өөрийнхөө оронд илгээж, эмчээс эмийн жор авхуулдаг байсан нь тогтоогдоод байгаа аж.
БНСУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээний тухай хуулийн дагуу эмч үйлчлүүлэгчид өөрийн биеэр үзлэг хийснийхээ дараа эмийн жор бичиж өгөх ёстой ба үйлчлүүлэгчид үзлэг хийлгүйгээр эмийн жор бичиж өгөх, эмийн жороо гуравдагч этгээдээр дамжуулан өгөхийг хориглодог аж.
Занакс, Стилнокс эмүүд нь сэтгэц нөлөөт эмийн төрөлд багтах учир эмч үйлчлүүлэгчид заавал үзлэг хийж байж эдгээр эмүүдийг бичиж өгөх ёстой аж.
Тухайн эмүүдийг бичиж өгсөн эмч Psy-д зайнаас үзлэг хийсэн хэмээн мэдүүлсэн бол Psy-ийн менежментийг хариуцсан P Nation компани дуучных нь эмийн жорыг гуравдагч этгээд очиж авч байсан нь маш хариуцлагагүй алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ.
Дуучин Psy-ийн хувьд 2001 онд марихуан хадгалсан хэрэгт холбогдож, 25 хоног хорих ялаар шийтгүүлж байсан юм.
Эх сурвалж: Complex






