
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр болжээ. Алба хаагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян албан хаагчдад хандан, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэлхийн энх тайвныг тогтоох их үйлсэд 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байна. Үе, үеийн энхийг сахиулагчдын алдар нэр, байгуулсан гавьяа өнөөдрийн амжилтыг бий болгосон хэмээн үүргээ нэр төртэй биелүүлж ирэхийг хүсэв.

Энэ үеэр XV ээлжийн бүрэлдэхүүнийг ахалж яваа Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнөрбекд туг, алба хаагчдад шаардагдах хувцас хэрэгслийг гардууллаа.
Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэх 15 алба хаагч нь төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсээс бүрдсэн бөгөөд 2 офицер, 13 ахлагч бүрэлдэхүүнээс бүрдэж байна.






