
Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцыг нэмэх үү, эс нэмэхүү гэдэг нь одоо ч тодорхойгүй. Эцэг эхчүүд худалдаанд байгаа поло авчихдаг, гэтэл болохгүй, яг иймийг л өмсөнө гэж мэдэх нь.Уг нь бол салбар хариуцсан сайд П.Наранбаяр: “Энэ намраас сурагчид стандартын шаардлага хангасан поло цамц өмсөж болно” хэмээн наймдугаар сарын эхээр ярьж байв.
Иймд бид Боловсролын яамнаас дээрх асуудлыг тодрууллаа.
Ингэхэд “Дүрэмт хувцас нь сурагчдын амьжиргааны ялгаатай байдлыг арилгахад гол нөлөө үзүүлдэг. Сурагчийн дүрэмт хувцасны стандарт 2020 онд батлагдсанаар эх орондоо үйлдвэрлэсэн, эрүүл ахуй стандартын шаардлага хангасан, хүүхдийн биед тохиромжтой дүрэмт хувцсаар хангах бодлого, үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Цаашид хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг үл хязгаарласан, эрүүл мэнд, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар сурагчийн дүрэмт хувцасны загвар (MNS 6814:2019 ТЕХНИКИЙН ШААРДЛАГА СТАНДАРТ)-д поло загварын цамцыг сонголттой байхаар нэр төрөлд оруулахаар стандарт шаардлагыг шинэчлэх саналыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газар / СХЗГ/-т хүргүүлсэн.
СХЗГ нь тус саналын дагуу “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн 9.2, 9.3, 11 дүгээр зүйл болон ”MNS 1-1:2021, Монгол улсын стандартчиллын тогтолцоо. Техник ажлын журам” стандартад тус тус заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авч, СХЗГ-ын дэргэдэх салбарын гишүүдээс бүрдсэн “Оёмол бүтээгдэхүүний стандартчиллын дэд хороо” (ТХ 16/ДХ 02)-ны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн.
Тус стандартын сурагчийн дүрэмт хувцасны бүрдэл хэсэгт “Поло” загварын цамц буюу “захтай футболка”-г нэмэлтээр оруулах асуудлыг гишүүд 100 %-ийн саналаар дэмжсэн боловч “Поло” загварын цамц буюу “захтай футболка”-ны материалын бүрэлдэхүүн хэсэг, түүний физик, хими, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагатай хамтарч нарийвчлан судалж, тогтоох шаардлагатай тул дахин хэлэлцүүлэхээр хугацаа сунгагдсан.
Иймд 2025-2026 оны хичээлийн жилд үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч “Бүтээлч үйлс”, “Шилмэл загвар”, “Өүлэнменч”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Эрдсүлж”, “Шүтэн уул” ХХК гэсэн найман компани кластерын схемийнхээ дагуу хариуцсан аймгуудын гэрээт борлуулалтын цэгүүдээр дүрэмт хувцсыг хэрэглэгчдэд хүргэж байгаа тул эцэг эхчүүд асран хамгаалагч нар хүүхдүүддээ одоо мөрдөгдөж байгаа дүрэмт хувцсыг авч өгөхийг анхааруулж байна” хэмээв.






