
Холливүүдийн алдарт жүжигчин Брюс Уиллисын эхнэр Эмма Хеминг сэтгүүлч Дайан Сойерт өгсөн ярилцлагадаа тархины хязгаарлагдмал хатангир буюу тархины өмнөд хэсгийн зөнөгрөл өвчнөөр оношлогдсон нөхрөө байнгын асаргаатай байлгахын тулд нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа тухайгаа ярьжээ. Брюс Уиллис, Эмма Хеминг нар 2009 онд гэрлэж, дундаасаа 13 настай Мэйбл, 11 настай Эвлин гэсэн хоёр охинтой бөгөөд Э.Хемингийн ярьснаар Брюс Уиллис дэргэдээ тогтмол асаргаатайгаар эхнэр хоёр хүүхдээсээ холгүй тусдаа амьдарч эхэлжээ.
Энэ талаар Э.Хеминг, “Миний хувьд гаргаж байсан хамгийн хүнд шийдвэрүүдийн нэг байсан ч Брюс охидоо аавынх нь тав тухад нийцсэн гэрт бус охидын өөрсдийнх нь тав тухад нийцсэн гэрт амьдраасай гэж хүсэх байсан” хэмээн ярьжээ. Тэрээр хүүхдүүдийнхээ хамт нөхөр дээрээ байнга очиж, өглөө оройн хоолоо хамтдаа иддэг гэжээ. 49 настай Э. Хеминг нөхрийнх нь өвчин анх яаж илэрч эхэлсэн тухайд, “Брюс охидоо өөрөө сургуульд нь хүргэж өгөх дуртай байсан. Гэтэл охидоо сургуульд хүргэж өгөх нь багассан.
Маш нийтэч, яриа нэгэн байсан хүн чинь дуугүй чимээгүй болчихсон. Гэр бүл, ойр дотныхон нь бүгдээрээ цуглаад уулзаж ярилцаж байхад Брюс нэг тийм орчноосоо тасарчихсан, хүйтэн хөндий байх болсон нь ажиглагдаж эхэлсэн. Уг нь тэр маш дулаан, эелдэг зөөлөн харилцаатай хүн, гэтэл зан ааш, байгаа байдал нь эсрэгээрээ эргэчихсэн нь маш их санаа зовоож эхэлсэн.” гэжээ. Брюс Уиллис байнгын асаргаанд орсон нь түүний хэл ярианы чадвар бараг үгүй болсонтой холбоотой хэмээн Э. Хеминг тайлбарлажээ. Брюс Уиллисын хувьд 5 охинтой бөгөөд экс эхнэр жүжигчин Деми Мур, насанд хүрсэн 3 охин нь аав дээрээ тогтмол ирж, уулздаг аж.






