
АН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг нь 18.00 цагаас урьдчилсан байдлаар тодорхой болно. Тодруулан хэлбэл, өглөөний 11.40 цагаас 18.00 цаг хүртэл АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж буй. Шаардлага хангасан хүнд нэр дэвшигчийн мандатыг өгнө. Ингээд наймдугаар сарын 31-нд ҮБХ үргэлжлүүлэн хуралдаж, сонгууль явуулна. Товчхондоо бол АН-ын даргыг ҮБХ-ных нь 390 гишүүн ням гарагт сонгох нь ээ.
Одоогийн байдлаар О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтээ ҮБХ-ны дотоод сонгуулийн хороонд өгөөд байна. Ө.Шижир, Ж.Баярмаа нар мөн нэр дэвших хүсэлтээ өгнө гэсэн мэдээлэл байна.
Нэр дэвших хүсэлтээ өгсөн хоёр гишүүн юу ярив?
О.Цогтгэрэл: Намын даргын сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлээд, сонгууль зохион байгуулах хороонд сая өөрийн өргөдөл материал, мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Миний хувьд “Шинэ Монголыг хамтдаа бүтээнэ” мөрийн хөтөлбөрийг боловсрууллаа. АН-ыг машинаар ярих юм бол эрээвэр хураавар, олон зүйл угсарчихсан. Баруун талын дугуй нь том, зүүн талынх нь дугуй нь жижиг, мотор нь барууны мотортой, социалист кабинтай. Энэ бүх хэсгийг өөрчилж, шинэчилж, өөрийнхөө өнгө төрхийг тодотгож гаргах шаардлагатай. Тийм учраас шинэ Монголыг цугтаа өөрчилж, АН-ыг шинэчилнэ.
Б.Пүрэвдорж: Татварын дарамтыг багасгаж, цомхон төрийг бий болгоно. Мөн эрх баригчдад хариуцлага тооцох мөрийн хөтөлбөртэйгөөр намын даргын сунгаанд оролцож байна. 2028 онд онд АН ялагдах ёсгүй. 2028 оны УИХ-ын сонгуульд намаа ялуулахын төлөө ажиллана.






