
Хобби ба би
Эмийхогийн Батмөнгөн. Би бусдын адил ажлаа хийж, амьдралд дурлаж яваа жирийн нэг аав. Эхнэр, гурван хүүхэдтэйгээ Улаанбаатарт амьдардаг. Төрж, өссөн газар маань Дархан. Аав, ээж минь Дархандаа эрүүл энх, амар тайван амьдарч буй.
Өмнө нь би илүүдэл жинтэй, бусдын хэлж дадсанаар бол бүдүүн нөхөр байлаа. Гурван оронтой тоо харсан. 105 кг хүрснээ л санаж байна. Түүнээс хойш айгаад жингээ үзээгүй. Нэг өдөр найзтайгаа уулзтал “Бие хаа чинь зүгээр үү, ямар их жин нэмээ вэ” гэж асуусан нь өөрийгөө анзаарах, өөрчлөгдөх тухай бодоход хүргэсэн юм. Тэгээд л би гэдэг хүн маргааш өглөө нь турах гэдэг шинэ зорилготой сэрсэн юм даа. Хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн ч хийж, зорилгынхоо төлөө хичээлээ. Үр дүн гарч, би хүссэн жиндээ хүрсэн. Гэсэн ч сэтгэл нэг л ханахгүй, дахиад өөрийгөө ялах ямар нэгэн зүйл хайгаад л… Тэгээд триатлон гэдэг спортыг сонирхож эхэлсэн дээ. Усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван спортын нийлбэрийг ийн нэрлэдэг юм.
Би гэдэг хүн дугуй жийх, усанд сэлэх, гүйх хоббитой болж, 2019 онд анхныхаа тэмцээнд орлоо. Хүрэл медаль аваад ихэд урамшив. Түүнээс хойш оролцох бодол олон жил өвөртөлсөн ч өнөөх ковид гээч биднийг гэр, гэрт нь нам хорьсон юм. Өнгөрсөн жил болсон триатлоны тэмцээнд оролцсон. Өмнөх амжилтаа ахиулан мөнгөн медаль авсан нь наддаа урам.
Хамт дугуй жийдэг, гүйдэг сонирхол нэгтэй нөхөд маань “Ironman”-д ороод эхэлсэн нь өөрийгөө ялах шинэ аялалд намайг дуудсан юм. Хүн гэдэг өөрөө ч мэдэлгүй өрөөлийг сайн сайхан юманд хөтөлж, дагуулж байдаг юм хойно. БНСУ-д энэ оны зургадугаар сард болсон “Ironman” олон улсын триатлоны тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Миний оролцсон төрөл хагас “Ironman”. 1.9 км усанд сэлж, гарч ирээд 90 км газар дугуй жийж, 21 км гүйсэн. Миний хувьд 5 цаг 6 минутад тэмцээнээ амжилттай дуусгасан.

Аав ба ажил
Тэр өдрийг хүртэл би өөрийгөө сэтгэл хөдлөлөө барьдаг гэж боддог байлаа. Тэмцээ дуусгаад, барианд орохдоо өөрийн эрхгүй орилсон. Хамгийн түрүүнд аав руугаа залгаж, “Хүү нь чадлаа” гэдгээ хэлсэн. Аав маань намайг их дэмжиж, хурцалдаг. “Миний хүү мундаг байна” гэсэн.
БНСУ-д болсон “Ironman”-ы тэмцээнд би ганцаараа яваагүй. З.Хишигсайхан, Б.Билэгт гээд хоёр найзтайгаа хамт явсан. Гурвуулаа тэмцээнээ дуусгаж чадсан. З.Хишигсайхан бид хоёрыг байгууллагаас маань их ч дэмжсэн. Долоо хоногийн цалинтай чөлөө олгож, “Тэмцээндээ амжилттай оролцоод ир” гээд явуулж байгаа юм чинь. 2008 оноос хойш “Рио Тинто” компанид ажиллаж байгаа. Уг нь бол үндсэн мэргэжил маань Англи хэлний багш, орчуулагч. Гэхдээ мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй. Дараа нь МУИС-ийн геологийн ангид суралцаж, “хос морьтон” болсон. Одоо “Рио Тинто” компанийнхаа Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны ахлах зөвлөхөөр ажилладаг. Хүмүүс “Ажлаасаа уйддаг уу?” гэж их асууна. Манайх заавал оффист баригдаж, ажиллахыг шаарддаггүй. Зайнаас ч ажиллаж болдог. Энэ боломжийг би бэлтгэлийнхээ хугацаанд сайн ашигласан. Дээрээс нь санаа тавих, сониуч байх, зоригтой байх гэсэн компанийн маань үнэт зүйл өнөөдрийн Э.Батмөнгөнийг бүтээсэн болов уу. Мөн сониуч байх нь амжилтад нөлөөлдөг юм шиг надад санагдсан. Хэрэв зориг минь хүрээгүй бол энэ том тэмцээнд бас орж чадахгүй байсан.


Компаниас надад суулгасан хамгийн том соёл тууштай байх. Тэр ч утгаараа уйдах завдал болоогүй, тийм бодол төрөөгүй л байна.
Халдвар ба зорилго
Одоо би 42-той. 40 дөхөж яваад спортод дурлаж эхэлсэн. Өөрийгөө оройтсон гэж хэзээ ч боддоггүй. Одоо амьдралын чанар сайжирч байна. Эрүүл мэнд ч сайжирч байна. Тэгэхээр та 30 гарчихлаа, 40 гарчихлаа, хөгширчихлөө гэж өөрийгөө “түгжилгүй” ямар нэгэн сорилттой нүүр тул, өөрийгөө ойлго.
Ялалт бол амьдралын нэг амт. Заавал хэн нэгэнтэй өрсөлдөх чухал биш. Өөртэйгөө өрсөлдөх чинь бодит үнэнтэйгээ нүүр тулж буй хэрэг. Тэгэхээр өөртэйгөө тэмцэлд, өөрийгөө ял. Тэр л хамгийн гоё ялалт байх.


“Ironman” тэмцээндээ оролцож, 2025 оныхоо зорилтыг биелүүлсэн. Дараагийн том зорилт маань бүтэн “Ironman”. Миний оролцсон “Ironman”-ыг нэг нугалах хэмжээний гэсэн үг. 3.8 км сэлж, 180 км дугуй жийж, 42 км замыг гүйж туулна. Энэ л миний дараагийн сорилго байна даа.
Мэдээж, хамгийн чухал нь бэлтгэл. Ажлын өдрүүдэд өглөө 5.30-аас босож, гүйлтийн бэлтгэлээ хийдэг. Орой ажил тараад 6, 7 цагаас дугуйныхаа бэлтгэлийг хийдэг. Амралтын өдрүүдээр усныхаа бэлтгэлийг хийдэг. За, бэлтгэлээ хийхээр гарлаа. Энэ хүртэл уншсанд баярлаа.








