
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан 83 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын тов дараалал, хурлын дэг зэрэг зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тогтов.

Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, хүлээж авчээ. Дараа нь Намын даргын сонгуультай холбоотойгоор Үндэсний бодлогын хорооны Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Тухайн Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд сонгогдлоо. Харин Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү сонгогдлоо.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-ний 18.00 цаг хүртэл нэр дэвшигчдийг бүртгэн, 31-ний оройдоо намын даргаа сонгож батламжлах учиртай.
Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхын саналаар Намын дараагийн даргын сонгуулийг ням гарагт явуулахаар тогтжээ.
АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ж.Баярмаа нар нэрээ дэвшүүлэхээ зарласан бол УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын нэр яригдаад буй юм.
Харин Ардчилсан намын одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй дүрмийн дагуу намын даргын сонгуульд ҮБХ-д дөрвөн жил ажилласан хүн нэр дэвших эрхтэй. Энэ шаардлагын улмаас Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нэр дэвших боломжгүй болсон.
Мөн хурлаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ.










