
АН-ын ҮБХ-ны хуралд орохын өмнө С.Баярцогт мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээрт намын даргынхаа асуудлыг хэлэлцье, хоёр дугаарт нь дүрмийнхээ асуудлыг хэлэлцье, гурав дугаарт нь мөрийн хөтөлбөр үзэл баримтлалынхаа асуудлыг хэлэлцье гэдэг санал оруулсан. Улс төрийн зөвлөлийн хурлын нийт гишүүд хэлэлцээд үнэмлэхүй олонхын саналаар дэмжсэн байгаа. Тийм учраас өнөөдөр намын дарга Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчид энэ гурван саналаа хүргүүлсэн. Тэгэхээр Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгчдийн зүгээс энэ 3 асуудлыг хэлэлцүүлэхээр оруулах байх. Мэдээж хэрэг хуралдааны явцад Үндэсний бодлогын хорооны гишүүдийн зүгээс янз бүрийн санал гаргах байх. Тэрийг бас авч хэлэлцэнэ. Ер нь Улс төрийн намын тухай хуулийн тодорхой заалтууд жил хойшилчихсон байсан тэрийг дахиад жил сунгасан. Энэнтэй холбогдуулаад бүх намууд 2025 оны 12 сарын 31-ний өмнө шийдэх ёстой. Энэ бол нэг тусдаа асуудал.
Харин манай намын даргын хувьд эвслийн ЗГ–аас АН–ыг гаргасантай холбогдуулаад өөрөө ажлаа өгье гэсэн. Хувь хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан. Нөгөөтээгүүр улс төрийн зөвлөлийн хуралд ийм шалтгаанаар намын даргынхаа ажлыг өгч байна гэдэг асуудлаа тавьсан. Энэ үүднээсээ өнөөдрийн хуралдаанаар шинэ намын даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Тэрнээс Л.Гантөмөр дарга ажлаа өгье гээгүй байсан бол манай намын даргын асуудал энэ удаагийн хурлаар яригдахгүй байсан. Ийм л 2 тусдаа зүйл байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Та АН–ын даргын асуудлыг одоо байгаа дүрмийн дагуу одоо шууд шийдэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм уу?
Ер нь улс төрийн нам гэдэг бол амьд организм, үйл ажиллагаа нь тасралтгүй явж байх ёстой. Тэр утгаар нь аваад үзэх юм бол одоо байгаа дүрэм хүчинтэй. Өнөөдрийн Үндэсний бодлогын хорооны хурлаар хэлэлцэж байгаа асуудлууд ч гэсэн бүгд хууль болон АН–ын дүрмийн дагуу явагдаж байгаа.
Манай нам үндсэндээ хоёр том хэсэгт хуваагдчихсан байсан энэ хуваагдал бол 23 онд алга болсон. Бага багаар илаарьшиж байгаа. Одоогийн байдлаар нэг их манай нам дотор тийм фракцын шинжтэй том зөрчлүүд ерөөсөө байхгүй. Нэр дэвшиж байгаа хүмүүс өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа.
-Энэ журам дээр жишээлбэл намын даргад өрсөлдөх хүн нь Үндэсний бодлогын хороонд дөрвөн жил ажилласан байх ёстой гэсэн хязгаарлалт байдаг. Үүн дээр та ямар байр суурьтай байна?
–Үндэсний бодлогын хорооны гишүүд шийдэх ёстой миний хувийн байр суурь бол ямар нэгэн хувь хүнд зориулж эсвэл ямар нэгэн үйл явдалд зориулж намын дүрмийг өөрчилж болохгүй. Ер нь аливаа зарчим мерит дээр суурилах ёстой. Дөнгөж намд орж ирчхээд намын дарга болно гэж болохгүй.
-Оюунэрдэнэ Ерөнхий сайд байхдаа Ж.Баярмаа гишүүнийг индэр дээрээс таны төлөөлөл гэдгийг ч юм уу ил зарлаж байсан. Энэ тал дээр ?
-Би тэрийг чинь мэдэхгүй. Харин яагаад тэр хүн тэгж асуусныг Л.Оюунэрдэнэ Ерөнхий сайд байсан хүнээс л асуух хэрэгтэй.






