
Өнгөрсөн лхагва гарагт БНСУ-ын хууль тогтоогчид хичээлийн цагаар анги танхим, сургуулийн орчинд гар утас, ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглосон хуулийн төслийг баталжээ.
2026 оны 3-р сар буюу шинэ хичээлийн жилээс хэрэгжиж эхлэх уг хуулийн төсөл нь ухаалаг гар утасны донтолтыг бууруулах зорилготой аж.
БНСУ-ын эрх баригчид, эцэг эхчүүд болон багш нар ухаалаг гар утасны хэрэглээ нь сурагчдын сурлагын чанарт сөргөөр нөлөөлж, сурах ёстой цагаас нь хумсалж байна гэж үзэж байгаа бол багш нарын дунд явуулсан судалгаагаар багш нарын 70 орчим хувь нь ангид ухаалаг төхөөрөмж, гар утас хэрэглэх явдал нь хичээлд саад болдог, гар утасных нь хэрэглээг хязгаарлаж, эсвэл утсыг нь хурааж авахаар зарим сурагчид сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хараал хэлж, багшид халдсан ч тохиолдол байдаг тухай дурджээ.
Өмнөд Солонгосын засгийн газраас явуулсан судалгаагаар 51 сая хүн амынх нь 1/4 нь, 10-19 насныхны 43 хувь нь гар утаснаас хэт хамааралтай гэж гарсан аж.
Гар утас, ухаалаг төхөөрөмжүүдийг хичээлийн цагаар хориглох хуулийн төслийг БНСУ-ын парламентын олонх нь буюу 163 гишүүний 115 нь дэмжсэн байна.
Финланд, Франц зэрэг улс орнуудад ухаалаг гар утасны хэрэглээг бага болон дунд сургуульд, Итали, Нидерланд, БНХАУ-д ерөнхий боловсролын бүх сургуулиудад хориглосон байдаг бол БНСУ-ын хувьд ухаалаг гар утсыг хориглох шийдвэрээ хуульчилсан цөөн хэдэн орны нэг болж байна.
Дээрх хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр багш нар сурагчдад сургуулийн орчинд гар утас хэрэглэхийг нь хориглох эрхтэй болох аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд шаардлагатай тохиолдолд ухаалаг төхөөрөмж хэрэглэхийг зөвшөөрөх аж.
Эх сурвалж: BBC






