
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан бөгөөд энэхүү бодлогын хүрээнд Хангай, Баруун, Хойд, Төв, Зүүн, Говь, Улаанбаатарын гэсэн 7 бүсээр хөгжүүлэх бодлого хэрэгжиж байна. Үүнээс Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгууд багтаж, АЖ ҮЙЛДВЭР, НОГООН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРӨЛЖСӨН БҮС болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.
Энэ хүрээнд “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”, “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Говийн бүс болон орон нутгийн хөгжлийн төвүүдийг хөгжүүлэх ТЭЗҮ, хөгжлийн хөтөлбөр боловсруулах; Малчдын шинэ төрлийн хоршооны загварыг боловсруулж, туршилтаар хэрэгжүүлэх; Иргэд, оролцогч талуудад инновац, технологид суурилсан мэдээлэл, оролцооны системийг нэвтрүүлэх; Технологи, Big Data, хиймэл оюун ухаанд суурилсан удирдлага, шийдвэр гаргалтыг бэхжүүлэх; Аймгуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн системийг бий болгох; Хууль, бодлогын уялдааг хангаж, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах юм. Санамж бичиг нь бүсийн томоохон аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд иргэд, хоршоологчдын оролцоог нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, малчдын орлогыг өсгөх, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой юм.
















