
Олон Улсын их, дээд сургуулиудын холбоо (IAU) нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн Ухаалаг Боловсролын Форум 2025”-ыг Бээжингийн Багшийн Их Сургууль (Beijing Normal University, BNU)-тай хамтран “Хүн ба хиймэл оюун ухааны хамтын ажиллагаа, ирээдүйн боловсролын тогтоолцоог бүрдүүлэх нь“ сэдэвтэйгээр 2025 оны 8 дугаар сарын 20–21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү чуулга уулзалтын үеэр дээд боловсролын байгууллагын удирдлагуудад хиймэл оюун ухааныг сургалт, судалгаанд үр дүнтэй нэвтрүүлэхэд харилцан суралцах, туршлагаа хуваалцах онцгой боломжийг олгосон юм. Тус арга хэмжээнд Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Нээлттэй инновацын төвийн захирал Т.Шинэцэрэг ахлагчтай төлөөлөгчид оролцлоо. Хиймэл оюун ухаан нь сургалтын чанарыг сайжруулах, өгөгдөл боловсруулах процессыг хөнгөвчлөх, судалгааны бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг асар их боломжийг нээж байна. Гэвч үүний зэрэгцээ ёс зүйн зарчим, ил тод байдал, тэгш хүртээмж болон академик шударга ёсны асуудал зэрэг олон талын сорилтуудыг авчирч буйг форумын үеэр онцолсон.









“Дэлхийн Ухаалаг Боловсролын Форумд”-ын үеэр дижитал шилжилт, боловсролын ирээдүйн инновацийн шийдлүүдийг хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийг эрэлхийлж, БНХАУ-д нэвтрүүлж байгаа туршлагыг судлав. Хуралд оролцогсод олон улсын их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хиймэл оюун ухааныг боловсролын салбарт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон, Бээжингийн Багшийн Их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаатай танилцав. Тус сургууль нь өнөөдөр БНХАУ-ын боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт тэргүүлэгч, судалгаа-эрдэм шинжилгээний чадавх өндөртэй дээд боловсролын байгууллагын нэг бөгөөд хиймэл оюун ухааны боловсрол олгох, энэ чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манлайлан оролцож байна.
Мөн Хятадын хиймэл оюун ухааны хамгийн том iFlytek компани, Цахим сургалт болон ухаалаг технологийн үндэсний судалгааны төвөөр зочилж хиймэл оюун ухаант технологийн ололттой танилцан амьдралд хэрхэн хэрэглэгдэж байгааг үзэж сонирхов. Цахим сургалт болон ухаалаг технологийн үндэсний судалгааны төвийг Бээжингийн багшийн их сургууль, Цинхуа их сургууль, Хятадын мобайл холбооны корпораци, Элигити болон iFlytek хувийн хэвшлийн компаниуд хамтран 2021 онд байгуулсан байна.








