
Хэдхэн хоногийн дараа шинэ хичээлийн жил эхэлж, зургаан настнууд маань цэцэрлэгээс сургуулийн босго алхах гэж байна. Энэ үед шинэхэн эцэг, эхчүүдэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал бол “Хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг хаанаас, хэдий хэмжээний зардлаар авах вэ?” гэх асуулт байдаг.

Энэ удаа Ялалтын талбайд болж буй “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн”-д 9 дэх жилдээ хичээлийн хэрэгсэл худалдаалж буй А.Батчимэгийн зөвлөгөөг хүргэж байна.
Хичээлийн хэрэгсэлд заавал багтах зүйлс:
- Баримлын шавар: Энгийн шавраас илүүтэй 3D баримлын шаврыг сонговол хүүхдийн бүтээл дурсамж болон хадгалагдах боломжтой.
- Будгийн сонголт: Сүүлийн жилүүдэд гуашнаас илүү усан будаг хэрэглэхийг багш нар зөвлөж байна.
- Дэвтэр, хавтас: Номоо цүнхэлж авч явах болсонтой холбоотойгоор бүх дэвтрээ (зураг, энгийн, номын дэвтэр) хавтаслах шаардлагатай. Эхний ээлжид элемент, тоон шугамтай дэвтрийг тус бүр 10 ширхэг авахад хангалттай.
- Өнгийн цаас: Том хэмжээтэй биш, ам дөрвөлжин жижиг, 100 өнгийн сонголтыг хийхэд тохиромжтой.
- Зургийн дэвтэр: Үндэсний үйлдвэрлэлийн “Улаанбаатар принт”-ийн салдаг хуудастай дэвтрийг авбал хүүхдэд болон багшид хэрэгтэй.
- Үзэг, харандаа: Хүүхдийн гарын хуруунд таарсан ховилтой, удаан бичихэд гар өвддөггүй үзэг сонгох нь чухал. Хүүхэд үзгээ зөв барьж сурах эхний алхам ч эндээс эхэлдэг.
- Жижиг хэрэглэлүүд: Харандаа, баллуур, үзүүрлэгч зэрэг алга болох магадлалтай зүйлсийг нөөцөлж авах хэрэгтэй.
- Шугам: Тоо бодоход хэрэглэдэг тул уян хатан шугам тохиромжтой.
- Цүнх: Хүүхдийн нуруунд тохирсон, мөн өөрөө дуртай өнгө загвараа сонгох боломж олгох хэрэгтэй.
Эдгээрийг нийлүүлбэл ойролцоогоор 125,000 төгрөгөөр хичээлийн хэрэгслийн иж бүрдэл бэлтгэж болох нь.


Дүрэмт хувцасны зардал
Сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид 168,000 төгрөгөөр худалдаалж байна. Эцэг эхчүүдийн хувьд:
- Цагаан, цэнхэр өнгийн цамцыг ээлжилж өмсгөх
- Өвөл дааруулахгүй зузаан майк сонгох
- Поло цамцыг ханцуйтай болон ханцуйгүйгээр нь авах сонголт хийж байгаа аж.
Ингээд дүрэмт хувцас болон ээлжний хувцсыг нийтэд нь 279,000 төгрөгөөр бүрдүүлэх боломжтой.
Нийт зардлын тооцоо
Хичээлийн хэрэгсэл (125,000₮) + Дүрэмт хувцас (279,000₮) = Ойролцоогоор 400,000 төгрөг
Ингээд та хүүхдээ нэгдүгээр ангид бэлтгэхэд шаардлагатай бүх хэрэгсэл, хувцсыг нэг дор тооцоолж, төлөвлөх боломжтой боллоо. Хамгийн чухал нь, хүүхдийнхээ сонирхол, тав тухыг харгалзан үзэж сонголтоо хийхээ мартуузай.








