
Өнгөрсөн даваа гарагт Газын зурвасын Хан Юнис хотын Нассер эмнэлэгт Израилын зэвсэгт хүчний зүгээс үзүүлсэн агаарын цохилтуудын улмаас таван сэтгүүлч амиа алджээ. Al Jazeera сувгийн зураглаач Мохаммед Салама, Reuters агентлагийн гэрээт сэтгүүлч Хуссам Аль Масри, Associated Press болон олон улсын хэвлэл мэдээллийн бусад агентлагуудтай хамтран ажиллаж байсан Мариам Абу Дагга, чөлөөт сэтгүүлчид болох Моат Абу Таха, Ахмед Абу Азиз нар Израилын зэвсэгт хүчний зүгээс үзүүлсэн агаарын цохилтод өртөж амь насаа алдсан нь олон улсын шүүмжлэлийг дагуулаад байна. Израилын зэвсэгт хүчний Нассер эмнэлэгт үзүүлсэн цохилтуудын улмаас багадаа 20 хүн амь үрэгдсэний дотор таван сэтгүүлч, эрүүл мэндийн салбарын дөрвөн ажилтан байгааг Нассер эмнэлгийн сувилахуйн албаны дарга Мохаммед Сакер мэдэгджээ.
Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилын зэвсэгт хүчний цохилтод сэтгүүлчид болон эрүүл мэндийн салбарын ажилчид өртөж, амь насаа алдсан явдлыг “харамсалтай осол” хэмээн тодорхойлжээ.
Сэтгүүлчдийн эрхийг хамгаалах байгууллагууд мөн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд Израилын зэвсэгт хүчнийхэн сэтгүүлчдийн амь насанд халдсан явдалд цочирдож, бухимдаж буйгаа илэрхийлсээр байна. Associated Press, Reuters агентлагуудын удирдлагууд Израилын эрх баригчдад хандаж бичсэн захидалдаа уг хэрэгт буруутай этгээдүүдэд шуурхай бөгөөд ил тодоор хариуцлага тооцохыг шаардаж, Израилын зэвсэгт хүчин сэтгүүлчдийн аминд хүрсэн явдал өмнө нь нэг бус удаа гарч байсныг онцолжээ. Ингэхдээ Израилын эрх баригчид үнэн бодит мэдээ мэдээллийг нуун дарагдуулахын тулд санаатайгаар сэтгүүлч сурвалжлагчдад халдаж байж болзошгүй гэсэн ноцтой эргэлзээг төрүүлж байгааг дурджээ.
Израил болон Палестин дахь Гадаадын Хэвлэлийн Холбоо израилчуудын өнгөрсөн даваа гарагт Нассер эмнэлэгт үзүүлсэн цохилтыг Газын зурвасын дайн эхэлснээс хойш олон улсын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн хамгийн том халдлага хэмээн тодорхойлжээ.






