
Жил бүрийн Улсын төсвийн мөнгөн дүн 10, 20 их наядаар нэмэгдсээр байна. 2025 онд 30 гаруй ихнаядын төсөв 2026 онд 31 ихнаяд болж нэмэгджээ.
Ирэх оны төсөвт тусгахаар иргэдээс ирүүлсэн саналын дийлэнх нь эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ байсан.
Сангийн яамнаас Засгийн газарт хүргүүлсэн 2026 оны төсвийн төсөлд энэ хоёр салбарын хөрөнгө оруулалтыг бодлогын хувьд доорх байдлаар тусгасан байна.
Үүнд,
– Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792.0 мянган төгрөг болж шинэчлэгдсэнтэй холбогдож нэмэгдэх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлогын өсөлтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад зориулж хуваарилна. (82.5 тэрбум төгрөг)
– Эрүүл мэндийн байгууллагын чадавхыг сайжруулах, тусламж үйлчилгээг найдвартай хүргэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах зорилгоор Хавдар судлалын Үндэсний төв-II барилга, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв, Зүрх, судасны үндэсний төв, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн барилга зэрэг лавлагаа шатлалын эмнэлгүүд болон орон нутагт анхан болон дунд шатны эрүүл мэндийн төвүүдийн барилгын төслүүдийг шинээр хэрэгжүүлэх болон үргэлжлүүлэн хэрэгжүүлж ашиглалтад оруулна. Гадаад зээлийн хөрөнгөөр 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулах төслийг 2026 онд эхлүүлж байна. (241.9 тэрбум төгрөг)
– Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цай, дотуур байрын зардлыг боловсролд хамрагдах хүүхдийн тооны өсөлттэй уялдуулж нэмэгдүүлнэ (96.2 тэрбум төгрөг)
– Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал хариуцагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд хоолны зардлын 50 хувийг эцэг эх хариуцдаг болно.Хоолны зардлыг эцэг, эхийн төлсөн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлттэй уялдуулах замаар татварын суурийг нэмэгдүүлнэ. (69.5 тэрбум төгрөг)
– Сургуулийн өмнөх боловсролд бүх хүүхэд тэгш хамрагдаж, чанартай үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийн суурийг бий болгох боломжийг бүрдүүлж, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 1.5-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 95 цэцэрлэг шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримтална.
– Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 46.7 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 30 цэцэрлэг, гадаад зээлийн санхүүжилтийн хүрээнд 11 цэцэрлэгийн барилгыг дуусгах, эхлүүлэхэд нийт 5.0 тэрбум төгрөгийг тусгав.
– Олон улсад өрсөлдөхүйц чанартай, тэгш хүртээмжтэй ерөнхий боловсролыг олгох боломжийг сайжруулах, энэ хүрээнд улсын хэмжээнд ээлжийн коэффициент 2.0-с дээш байгаа байршлуудыг их өгөгдөлд суурилан боловсруулсан нийт 108 сургууль шинээр барих тооцоололд үндэслэн эдгээрийг улсын төсөв, гадаад зээл тусламжийн хүрээнд 2026-2028 онд бүрэн ашиглалтад оруулах чиглэл баримталсан бөгөөд сургууль дүүргэлт зохистой түвшинд хүргэх, ээлжийн коэффициентыг бууруулж, аймаг, сумын сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 65 сургууль, 19 дотуур байрны барилгыг төлөвлөв. (243.1 тэрбум төгрөг)
– Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, олон улсын түвшинд нийцүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори байгуулах, хоол үйлдвэрлэл, номын сан, урлагийн заалыг тохижуулах, дуу хөгжмийн хичээлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хичээлийн хэрэглэгдэхүүн, сургуулиудын биеийн тамирын техник хэрэгсэл, цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг хангах, боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирсон хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг сайжруулахад 48.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
– Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр нийт 9.3 тэрбум төгрөгийн сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдвэрлэснээс гадна, 538.1 тэрбум төгрөгийн амлалтын дүн бүхий “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хоёрдугаар нэмэлт санхүүжилтийг 2026 онд эхлүүлж, боловсролын салбарын тогтвортой байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.






