
“Нүүдэлчин” Дэлхийн фестиваль болж өндөрлөлөө. Өөрөө өөртэйгөө танилцах гэсэн Монголчуудын хувьд энэ арга хэмжээ бол “Эрдэнэсийн арал” л гэсэн үг. Эндээс өв соёлтой холбоотой биет болон биет бус олон төрлийн зүйлтэй танилцлаа.
Тэгвэл бид Монгол Угсаатан хэл хуурчдын отгоос сайхан үг, бидний мэдэхгүй олон хөгжмийн зэмсгийн талаар сонирхолтой баримт, түүх, үйл явдлуудыг түүлээ.
Хэл хөгжим тоглох нь хагалгааны заалттай л биш бол бамбай булчирхайн өвчнийг анагаах, ярианы чадварыг дахин сэргээх, хэл зүгшрүүлэх, эрүү нүүрний гажиг засах зэрэг олон
ХЭЛ ХУУРЧ Г.ЖАВЗАНДУЛАМ: ГУРВАН УДАА ХАРВАЖ ЯРИАНЫ ЧАДВАРАА АЛДСАН Ч ХУЛСАН ХУУР ТОГЛОЖ ХЭЛД ОРЖ ЧАДСАН
74 настай Г.Жавзандулам гуай гурван удаа харваж ярианы чадвараа алджээ. Нулимснаас өөр авиагүй байсан тэрбээр хэл хуур, хулсан хөгжим, нуман хуур тоглож дахин хэлд орж өнөө “Хөөрхөн халиун” дууг цангинуулан сууна.
Тэрбээр “Энэ хөгжмүүд намайг эмчилсэн юм. Монголын уламжлалт хэл хуур бол биеийн эдгэрэл, сэтгэлийн эмнэл юм байна. Одоо хүмүүс намайг харваснаа март гэж хэлдэг юм. Хэл яриа минь цэгцтэй сайхан болсон. Хаяа ядрахаар түгдэрнэ.
Найз нар маань намайг өвдсөн дараа эргэж ирэхэд орилохоос өөрийг ярьж чадаагүй. Хэлгүй болохоороо хүн муухай орилоод байдаг юм билээ” хэмээн яриад бидэнд уртын дуу дуулж өгсөн юм.
Мэдлэг олгох: Хэл хуурын хөгжимд хулсан хуур, нуман хуур, аман хуур гэх мэт олон төрлийн хөгжим багтана. Уг түүхийн тухайтад гэвэл Хүннүгийн үеийн булшнаас хамгийн эртний хөгжим болох хэл хуур олдож байж.
Хүннү нартцохивор хөгжмийн зэмсэг хүүрэг (хэнгэрэг), чавхдаст хуур (кунхоу), чавхдаст товшуур бийваа, үлээвэр цуур, лимбэ байсан хэмээн түүхэн сурвалжид тэмдэглэсэн үлдээсэн байна. 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Морин толгойн булшнаас олдсон “хэл хуур” нь одоогоор биетээр олдсон Хүннүгийн цорын ганц хөгжмийн зэмсэгт тооцогдож байгаа ажээ.
Үүнтэй ижил төмрөөр хийсэн хуур Японоос Англи хүртэл олон оронд өргөн тархсан бөгөөд орчин үеийн баян, аккордион, төгөлдөр хуур, сүмийн хөгжим зэрэг бүх хөөргөн хөгжим нь хэл хуурынх шиг хийгээр үлээхэд авиа гарган эгшиглүүлдэг зэмсгээс бүтсэн байдаг байна.
Тиймээс хэл хуурыг орчин үеийн хөгжмийн өвөг хэмээн нэрлэж болох ба Морин толгойн булшнаас олдсон Хүннүгийн ясан хэл хуур нь хамгийн эртнийх болохын хувьд дэлхийн хөгжмийн түүхэнд үнэтэйд тооцогдох чухал олдвор юм байна. Мөн сонирхуулахад нуман хуурыг 13-р зууны үед дайны үед ашиглахдаа нэгэндээ мэдээ дамжуулах баатруудын урам зоригийг сэргээх зэрэг зан үйлд ашиглаж байжээ.


Т.САРАНТУЯА: ХЭЛ ХУУР, УРТЫН ДУУ НАМАЙГ ЗАЛУУЖУУЛДАГ
Туваансүрэнгийн Сарантуяа гуай өдгөө 71 настай. Багаасаа урлагийн хаяа бараадсан тэрбээр 18-т шиг л гялав шалавхан байна. Дуулъя л гэнэ, хөгжимдье л гэнэ, найрлая л гэнэ. Гурав хоног фестивальд оролцож буй хэр нь түүнд ядарсан цуцсан зүйл алга. Энэ тухайгаа ярихдаа “Уртын дуу, хэл хуур л намайг өдий зэрэгтэй цоглог байлгаж байна” хэмээн хөөрцөглөнө. Бага залуу наснаасаа хулсан хуур тоглож сэтгэлийн жаргал эдэлж явсан ч хүнтэй сууж, багшийн мэргэжил эзэмшсэнээр жаахан хөндийрчээ. Зургаагийн зургаа хүү төрүүлсэн тэрбээр 60 гаруй насандаа дахин хөгжмөө тоглож улам залуужсан гэж ярина.
“ЭМЭГТЭЙ ХҮН ХАЙРЛААД Л БАЙВАЛ УЛАМ ГОЁ БОЛНО”
Харин тэр хайр сэтгэл залуу насныхаа тухай дурсахдаа “Эмэгтэй хүн хайрлаад л бол улам гоё болоод л байна. Эмэгтэй хүнд хайрын нэг үг ч гэсэн алт шиг санагддаг. Нэг үг, алт байдаг байхгүй юу. Тэрийг энэ залуучууд одоогийн охид хэлэхгүй байгаа юм чинь. Хайр аа, хайр аа гээд л. Жинхэнэ хайрыг олон дахиж хэлдэггүй байхгүй юу. Жинхэнэ хайр болбол ерөөсөө их утгатай үг. Тэгэхээр хайрыг зөв л хайрлах хэрэгтэй.
-Та залуудаа яаж хайрладаг байсан бэ?
-Би үү? Өвгөнөө юу?
-Тийм ээ.
-Сайхан хайрладаг байсан. Одоо манай өвгөн байгаа шүү дээ. 75 настай Надаас залуу гэж боддог. Манай бэрүүд миний хүүхдүүдийг их сайн хайрладаг. Би бэрүүддээ их хайртай. Манай бэрүүд миний охин шиг байдаг. Мөн би банди нарт их хайртай. Яагаад эрэгтэй хүүхдүүдэд их гэвэл тэд чинь эмэгтэй хүүхдээс илүү хайр нэхдэг байхгүй юу. Түүнийг л өгчих юм болбол нөгөөдүүл чинь үхэр тэрэг шиг зүтгэдэг байхгүй юу. Эмэгтэй хүн хайрлаад зөөллөөд л, уянгалуулаад л, намируулаад л явбал амьдрал гоё. Үр хүүхэд ч гоё жаргаж явна. Ханиа хайрлавал л жаргана шүү дээ. Ханиа л хайрлах юм болбол тэгээд л бүх юм жаргалтай.
Хэл хуурын отгоос бэлдсэн нийтлэл энд хүрээд өндөрлөж байна. Эцэст нь хэлэхэд Монголчуудын эртний түүхтэй уламжлалт ахуй соёл шингэсэн хэл хуур хөгжмөөр тоглож сурснаар, ялангуяа амьсгалын эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл засал, тайвшрал өгдөг аж. Түүнчлэн чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдийн сонсголыг сайжруулах, хэл зүгшрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлахад эерэг нөлөөтэй юм билээ.






