
Сангийн яам 2026 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагыг 33 их наяд төгрөг байх төсвийн төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ.
Төсвийн төсөлд:
-эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд 5-6 хувьд хадгалах,
-урсгал зардлыг ДНБ-ийн 24 хувьд хязгаарлах,
-боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр нүүрсний экспортыг 90 сая тоннд хүргэх зэрэг зорилт тавьжээ.
Онцлууштай нь ирэх онд эрчим хүчний салбарт нийт эх үүсвэрийн хүрээнд 3.7 их наяд төгрөгийг санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний 7 сард 14.2 тэрбум ам.долларт хүрч, худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын орлого 2025 оны эхний 7 сарын байдлаар 7.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар буурсан байна. Үүнд, нүүрс, төмрийн хүдэр зэрэг голлох түүхий эдийн дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт голлон нөлөөллөө. Оны үлдэх хугацаанд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орох, Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын тээвэр зохион байгуулалт сайжрах, Оюу толгойн гүний уурхайн зэсийн баяжмал дахь цэвэр зэс, алтны агуулга нэмэгдэх хүлээлттэй холбоотойгоор 2025 онд нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Ийм байхад 2026 онд зэс, нүүрсний үнийг өөдрөгөөр төсөөлөн боловсруулжээ.
- Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8,341.8 ам.доллар,
- нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 133.7 ам.доллар байхаар тооцжээ.
Гэхдээ өнөөдрийн байдлаар зэсийн үнэ тонн тутам нь 9200-9400 ам.долларын хооронд хэлбэлзэж цаашид өсөх төлөвтэй байгаа ч манайд зэсээс орж ирэх шууд орлого нүүрстэй харьцуулбал бага. Эрдэнэт л байна. Оюутолгой хэдий олборлолт нэмэгдэж, үнэ нь өсч байгаа ч бид татварын орлогоо л авахаас шууд ашиг авдаггүй. Харин нүүрсний хувьд тонн тутамдаа 133 ам.доллараар төсөөлж байгаа нь хэтийдсэн өөдрөг орлогын төсөөлөл болж, төсвийн тодотгол хийдэг өмнөх алдаагаа давтах эрсэлдтэй байна.
Нүүрсний үнэ:
Зэсийн үнэ:

Дэлхийн томоохон гүрнүүдийн худалдааны дайн, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэнээр тодорхой бус байдлын индекс 2008 оны санхүүгийн хямралаас хойш хамгийн өндөр түвшинд хүрээд байна.4 Гадаад орчны энэхүү нөхцөл байдлын улмаас экспортод түшиглэдэг болон уул уурхайн салбараас өндөр хамааралтай улсуудад экспорт саарч, төсвийн орлого буурах эрсдэлүүд бий болоод байна. Иймд улс орнууд зардлыг дахин хуваарилсан, дотоодын эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого руу шилжиж эхэлжээ.
Иймд 2026 оны төсвийн жилд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж хувийн хэвшилд суурилсан өсөлтийн загварыг дэмжих замаар макро тогтвортой байдлыг хадгална. Энэ хүрээнд иргэн төвтэй, бизнесийн орчныг дэмжсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн төсвийн зардлыг энэ оны түвшинд барьж, зардлын дахин хуваарилалт хийн, иргэнд ээлтэй хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэж боловсруулжээ.


Төсвийн төсөлд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33.0 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх ашигтай байхаар төлөвлөөд байна.
“Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл”-д Төсвийн ерөнхийлөн захирагч нар жилийн төсвийн саналаа Сангийн яаманд хүргүүлж, энэ сарын 01-15-ны хооронд олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд аж ахуй нэгжүүдээс санал авсан. Хуулийн дагуу энэ сарын 15-ны дотор төсөвт оруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, Эдийн засаг, хөгжлийн яамаар хянуулж, Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Харин есдүгээр сарын 1-ний дотор Засгийн газар Төсвийн төслийг Аудитын байгууллага, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хуультай юм.






