
Ардчилсан намын даргын асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
О.Алтангэрэл “АН-ын ҮБХ-ны хурал наймдугаар сарын 28-ны өдөр зарлагдсан. АН-ын Их хурал наймдугаар Их хурал зарлагдсан. Намын Их хурлаар даргын асуудал, намын дүрмийн асуудал шийдэгдэнэ. УИХ-ын Намын тухай хууль 2023 онд батлагдсан. Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн энэ онд батлагдсан. Үүний хоёрдугаар зүйлд “Улс төрийн намууд дүрмээ энэхүү хуульд нийцүүлэн шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ. Өөрчлөлтийг дээд шүүх 30 хоногийн дотор бүртгэж авна” гэсэн заалт байгаа. Хамгийн түрүүнд намын дүрмээ баталъя. Хэлэлцье. Үүний дараа дарга цэргийн асуудлаа яръя.
Би энэ зун тойрогтоо 25 суманд очиж ажиллаа. Намын гишүүдтэйгээ ч уулзлаа. Намын шинэ дүрмийн төслийг харсан нэг ч хүн алга. Бидний хэлэх гээд байгаа юм бол намын гишүүд рүүгээ очъё, асууя. Дандаа дарга төвтэй нам байж болохгүй ээ. Бид энэ оны 12 сарын 31-нээс өмнө хуулийн хүрээнд намын дүрмээ шинэчилж, бүртгүүлэх ёстой.
ҮБХ-ны хурал болдгоороо болно. Асуудлаа ярилцана. Гэхдээ эхлээд намынхаа дүрмийг яръя. Эхлээд тоглоомын дүрмээ намын гишүүдээсээ асууж баталъя. Түүний дараа намын Их хурлаа хуралдуулъя. Хэн дарга болох, хэн дарга болох гээд байгаа нь дараагийн асуудал” хэмээв.
Ч.Лодойсамбуу “Эхлээд намын үндсэн дүрмээ шинэ хуульдаа нийцүүлж баталсны дараа намын даргын сонгуулиа явуулъя гэдэг саналтай байна. Намын гишүүн бүрийн цээжинд энэ намыг ийм болгочих юм сан гэх хүсэл байгаа” гэлээ.
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нарыг АН-ын даргын сунгаанд өрсөлдөх амбиц байгаа эсэхийг сэтгүүлч нар тодруулахад,
- Ч.Лодойсамбуу: Хууль ёсны хурал болбол АН-ын даргад өрсөлдөнө
- О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх хуулийн төслийг бүх талаар дэмжих нэр дэвшигч байвал дэмжиж ажиллана. Үүн дээр эсрэг байр суурьтай, үзэл бодол нийлэхгүй хүн байх юм бол миний бие нэрээ дэвшүүлж өрсөлдөнө






